Нижер улсын генерал өөрийгөө удирдагч гэж зарлажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
odondarjaa@montsame.gov.mn
2023-07-29 08:42:17

НИАМЕЙ. /ВВС/. Баруун Африкийн Нижер улсын генерал Абдурахмане Чиани төрийн эргэлт хийснийхээ дараа өөрийгөө шинэ удирдагч хэмээн зарлажээ.


Омар Чиани гэгддэг тэрбээр Нижерийн ерөнхийлөгчийн хамгаалалтын албаны дарга бөгөөд лхагва гарагт эрх мэдлийг булаан авах ажиллагааг зохион байгуулсан юм.


Ерөнхийлөгч Мохамед Базоум бол 1960 онд Францын колоничлолоос тусгаар тогтносноос хойших ард түмнээс сонгогдсон Нижерийн анхны Ерөнхийлөгч юм


Тэрбээр одоогоор бие хамгаалагчдынхаа хорионд  байгаа аж. Өрнөдийн орнууд Мохамед Базоумыг бүс нутаг дахь лалын дайчидтай хийж буй тэмцлийнхээ гол холбоотонд тооцдог байжээ.


Франц улс төрийн эргэлтийн удирдагчдын хэнийг ч хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд зөвхөн Базоумыг төрийн тэргүүнээр хүлээн зөвшөөрнө гэж мэдэгджээ.


Нижерт гарсан төрийн эргэлтийг Африкийн холбоо, Баруун Африкийн бүс нутгийн холбоо (ECOWAS), Европын Холбоо, НҮБ зэрэг олон улсын байгууллагууд мөн буруушааж байна.


Өдгөө 62 настай генерал Чиани 2011 оноос хойш ерөнхийлөгчийн хамгаалалтын албыг удирдаж байгаа бөгөөд 2018 онд Ерөнхийлөгч асан Махамаду Иссоуфугийн тушаалаар генерал цол хүртжээ.


Генерал Чиани телевизээр үг хэлэхдээ, Нижерт аюулгүй байдал, эдийн засгийн хүндрэл, авлига зэрэг хэд хэдэн асуудлын улмаас засгийн эрхийг авсан гэжээ. Тэрбээр мөн Нижерийн холбоотнуудад хандан хэлэхдээ, түүний дэглэм улс орныхоо олон улсын хэмжээнд авсан амлалт, түүнчлэн хүний эрхийг хүндэтгэх болно гэсэн байна. 


Нийслэл Ниамей хотын зах, дэлгүүрүүд нээгдэж, амьдрал хэвийн байдалдаа орсон ч төрийн албан хаагчдыг албан үүргээс нь түтгэлзүүлжээ.

Связанные новости