Нижерийн цэргүүд төрийн эргэлт хийжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
НИАМЕЙ. /ВВС/. Баруун
Африкийн Нижер улсын цэргүүд төрийн эргэлт хийснээ үндэсний телевизээр лхагва гарагт зарлажээ.
Тэд Үндсэн хуулийг хүчингүй болгож, бүх байгууллагын үйл ажиллагааг түр
зогсоож, улсын хилийг хаасан гэдгээ мэдэгдсэн байна.
Нижерийн Ерөнхийлөгч Мохамед Базоумыг хамгаалалтын албаных нь цэргүүд лхагва гаргийн өглөөнөөс хойш хорьжээ. 2021 онд ардчилсан сонгуулиар сонгогдсон Ерөнхийлөгч М.Базоум нь Франц болон барууны бусад улсуудын ойрын холбоотон юм.
Хурандаа Амаду Абдрамане лхагва гарагт телевизээр мэдэгдэл хийх үеэрээ “Бид батлан хамгаалахын хүчнийхэн, аюулгүй байдлын албаныхан та бүхний
мэддэг дэглэмийг эцэслэх шийдвэр гаргалаа. Энэ нь аюулгүй
байдлын нөхцөл байдал улам дордож,
эдийн засаг, нийгмийн засаглал тааруу байгаатай холбоотой” гэж мэдэгджээ.
Нижер улсад "Аль-Каида" болон "Лалын улс" бүлэглэлтэй холбоотон зэвсэгт бүлэглэлүүд идэвхтэй үйл ажиллагаа
явуулж байгаа аж.
Францын колони байсан Нижер улсад 1960 онд тусгаар тогтносноос нь хойш дөрвөн
удаа төрийн эргэлт болжээ.