Ши Жиньпин АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан Хенри Киссинжертэй уулзжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2023-07-20 17:13:05

БЭЭЖИН. /Xinhua/. БНХАУ-ын дарга Ши Жиньпин тус улсад айлчилж буй АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан Хенри Киссижерийг өнөөдөр хүлээн авч уулзлаа. 


Киссинжер саяхан 100 насныхаа төрсөн өдрийг тэмдэглэж, мөн Хятадад 100 гаруй удаа айлчилж байсан нь БНХАУ-д хийж буй түүний энэ удаагийн айлчлалыг онцгой ач холбогдолтой болгож байгааг Ши Жиньпин онцлон тэмдэглэв.


“Одоогоос 52 жилийн өмнө Хятад, Америкийн харилцаа чухал эргэлтийн цэгт ирээд байх үед Хятадын дарга Мао Зэдун, Ерөнхий сайд Жоу Эньлай, АНУ-ын Ерөнхийлөгч Ричард Никсон болон Х.Киссинжер нар стратегийн гайхалтай алсын хараатай байж, Хятад, Америкийн хамтын ажиллагааг дэмжсэн зөв сонголтыг хийж, хоёр орны харилцааг хэвийн болгох үйл явцыг эхлүүлсэн. Энэ нь хоёр улсад ашиг тусаа өгөөд зогсохгүй дэлхий ертөнцийг өөрчилсөн” гэж Ши Жиньпин хэлжээ.  


Ши Жиньпин Хятадын ард түмэн найрамдал, найрсаг харилцаагаа эрхэмлэдэг болохыг онцлоод “Бид хуучин найз нөхдөө болон Хятад-Америкийн харилцааг хөгжүүлэх, Хятад, Америкийн ард түмний найрамдлыг бэхжүүлэх үйлст оруулсан түүхэн хувь нэмрийг тань хэзээ ч мартахгүй" гэж хэлсэн байна. 


Ши Жиньпин мөн дэлхий дахинд урьд өмнө байгаагүй их өөрчлөлт явагдаж, олон улсын нөхцөл байдал ихээхэн өөрчлөгдөж байгааг онцлоод, Хятад, АНУ хоёр хааш явахаа сонгох шаардлагатай байгаа замын уулзварт дахин ирээд байгааг нэмж хэлэв.


“Ирээдүйд Хятад, АНУ хоёр бие биенийхээ амжилтыг нөхөж, нийтлэг хөгжил цэцэглэлтэд хүрэх бүх шалтгаан байгаа бөгөөд хамгийн гол нь харилцан хүндэтгэх, энх тайвнаар зэрэгцэн орших, харилцан ашигтай хамтран ажиллах зарчмыг баримтлах явдал юм” гэж Ши Жиньпин хэллээ.


“Үүний үндсэн дээр Хятад улс АНУ-тай хоёр орны харилцааг тогтвортой хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах зөв арга замыг хэлэлцэхэд бэлэн байна. Энэ нь хоёр тал болон дэлхий нийтэд ашиг тусаа өгөх болно" гэж Ши Жиньпин хэлээд  Х.Киссинжер болоод АНУ-ын алсын хараатай бусад хүмүүс Хятад-Америкийн харилцааг зөв голдиролд буцаан оруулахад үр бүтээлтэй үүрэг гүйцэтгэнэ гэж найдаж байгаагаа илэрхийлжээ.  

Связанные новости