БРИКС-т элсэхгүй байхыг Европын Холбоо Аргентинд уриалжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2023-07-20 15:32:02

БРЮССЕЛЬ. /Bloomberg/. Орос, Украины зэвсэгт мөргөлдөөн үргэлжилж байгаа энэ үед БРИКС-ийн бүлэгт (Бразил, Орос, Энэтхэг, Хятад, Өмнөд Африк) нэгдэхгүй байхыг Европын Холбоо Аргентинд уриалжээ.


Бельгийн нийслэл Брюссель хотод болсон Европын Холбоо болон Латин Америк, Карибын тэнгисийн орнуудын хамтын нийгэмлэгийн (CELAC) дээд хэмжээний уулзалтын үеэр ийнхүү уриалсан гэж “Bloomberg” агентлаг ЕХ-ны эх сурвалжаас эш татан мэдээлсэн байна. 


Эх сурвалжийн мэдээлснээр, Орос, Украины дайн үргэлжилж байгаа энэ үед тус улс БРИКС-т элсэх нь "буруу дохио болно" гэж Европын Холбоо Аргентинд мэдэгдсэн байна. Аргентин улс ойрын хугацаанд тус бүлэгт элсэхгүй гэж эх сурвалж нэмж хэлжээ. 


Наймдугаар сард ӨАБНУ-ын Йоханнесбург хотод болох БРИКС-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр Аргентин, Египет, Индонез, Арабын Нэгдсэн Эмирт Улс, Саудын Араб гэсэн таван улсыг гишүүнээр элсүүлнэ гэж энэ сарын эхээр Энэтхэгийн “Business Standard” сонинд эх сурвалжуудаасаа эш татан мэдээлсэн байна. Аргентин улсын хувьд БРИКС-т элсэх хүсэлтээ өнгөрсөн жил өгчээ. 


Европын Холбоо-CELAC-ийн дээд хэмжээний уулзалт энэ сарын 17-18-нд Брюссель хотноо болсон байна. 

Связанные новости