Энэтхэгийн Ерөнхий сайд Н.Моди Францад айлчилж байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ПАРИС. /Reuters/. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди жил бүрийн долоодугаар сарын 14-ний өдөр тэмдэглэдэг Францын үндэсний баяр наадам буюу Бастилийн өдөрт хүндэт зочноор оролцохоор тус улсад айлчилж байна.
Энэхүү айлчлал нь хоёр орны стратегийн түншлэлийн 25 жилийн ойг тэмдэглэж буй чухал мөчид тохиож байгаа юм. Франц, Энэтхэг нь сансар судлал, батлан хамгаалах, иргэний цөмийн судалгааны салбарт уламжлалт харилцаатай бөгөөд сүүлийн жилүүдэд эрчим хүч, кибер терроризмтэй тэмцэх зэрэг салбарт өргөжин тэлж байна.
Францын Ерөнхийлөгч Эммануэл Макроны ажлын албанаас мэдээлснээр, энэ жил Бастилийн өдрийн цэргийн жагсаалд Энэтхэгийн Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн оролцож, Ерөнхий сайд Н.Моди хүрэлцэн ирсэн нь "стратегийн харилцааны шинэ үе шатыг нээсэн үйл явдал болж байна".
"Энэтхэг, Франц хоёр улс уламжлалт сайн харилцаатай түншүүд байсаар ирсэн. Энэ бол Н.Модигийн үеэс ч өмнө эхэлсэн түүхэн улбаатай харилцаа бөгөөд бизнесийн харилцаанаас гадна, батлан хамгаалах, аюулгүй байдлын асар чухал асуудлыг хамардаг" гэж Парисын Өмнөд Азийг судлах төвийн ахлах судлаач Жан-Люк Рэйсин хэлжээ.
Н.Модигийн айлчлалын үеэр хоёр улс нисэх онгоц тээгч хөлөг онгоцонд зориулагдсан Францын “Rafale” сөнөөгч онгоц болон “Scorpene” ангиллын гурван шумбагч онгоцтой холбоотой шинэ хэлэлцээрийг зарлаж магадгүй судлаачид үзэж байна.