Тайландын Ерөнхий сайд Прают Чан-Оча улс төрөөс явж байгаагаа мэдэгджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
БАНГКОК. /Reuters/. Тайландын Ерөнхий сайд Прают Чан-Оча “Нэгдмэл тай үндэстэн” намаасаа гарч, улс төрөөс явж байгаагаа мягмар гарагт мэдэгджээ.
“Энэ мөчөөс эхлэн би “Нэгдмэл тай үндэстэн” намын эгнээнээс гарч, улс төрөөс явж байгаагаа мэдэгдэж байна. Мөн намын удирдагч, ерөнхий нарийн бичгийн дарга, гишүүдээсээ намын үзэл суртал, хөтөлбөрийг тууштай хэрэгжүүлж, төрийн институт, шашин шүтлэг, хаант засаглалыг хамгаалж, Тайландын ард түмэнд үргэлжлүүлэн анхаарал тавихыг хүсэж байна" гэж Чан- Оча мэдэгдсэн байна.
Өдгөө 69 настай улстөрч Засгийн газрын тэргүүнээр есөн жил ажиллахдаа “ард түмэн, шашин шүтлэг, хаант засаглалыг амь биеэ үл хайрлан хамгаалж, улс орноо хүчирхэгжүүлэхийн төлөө асар их хүчин чармайлт тавьсан” гэдгээ онцолсон байна. "Дараагийн Засгийн газар улс орны хөгжлийн замыг үргэлжлүүлнэ гэдэгт чин сэтгэлээсээ найдаж байна" гэж тэрбээр онцлон тэмдэглэжээ.
Прают Чан-Оча энэ мэдэгдлийг парламентын шинэ бүрэлдэхүүн шинэ Ерөнхий сайдыг томилохоос хоёр хоногийн өмнө хийж байгаа юм. Тайландад тавдугаар сард болсон парламентын сонгуульд ардчиллын төлөөх сөрөг хүчний намууд ялсан билээ. Сөрөг хүчний “Урагшаа хөдөлгөөн” нам сонгогчдын 36 хувийн дэмжлэгийг авч нэгдүгээрт бичигдсэн бол “Фө Тай” нам 27.5 хувийн саналаар хоёрдугаарт оржээ. Сөрөг хүчний намуудын төлөөлөгчид мөн нэг мандаттай олон тойрогт ялсан байна. Тус хоёр нам бусад таван улс төрийн хүчинтэй байгуулсан эвсэл 500 хүний суудалтай Төлөөлөгчдийн танхимд 312 суудал авсан бол “Нэгдмэл тай үндэстэн” нам ердөө 36 суудал авсан байна.
Прают Чан-Оча 2014 онд төрийн эргэлт хийж, засгийн эрхэнд гарсан юм. Цэргийн эргэлтээс хойш таван жилийн дараа болсон парламентын сонгуульд түүнийг дэмжигчид ялж, Чан-Оча Ерөнхий сайдын суудлаа хадгалж үлджээ.
Тэрбээр шинэ Засгийн газар байгуулагдах хүртэл Ерөнхий сайдын албыг хашина.