НАТО-гийн дээд хэмжээний уулзалтын эцсийн мэдэгдлийг нийтэлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2023-07-12 09:51:13

ВИЛЬНЮС. /Anadolu/. НАТО-гийн нээлттэй хаалганы бодлогод тулгуурлан бүх улс орон аюулгүй байдлын механизмаа өөрсдөө сонгох эрхтэй гэж Литва улсын нийслэл Вильнюс хотноо болсон эвслийн орнуудын удирдагчдын дээд хэмжээний уулзалтын эцсийн мэдэгдэлд дурджээ.


“Бид Шведийг НАТО-гийн бүрэн эрхт гишүүнээр элсэхийг тэсэн ядан хүлээж байна. Энэ хүрээнд НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга, Туркийн Ерөнхийлөгч, Шведийн Ерөнхий сайд нарын хооронд хүрсэн тохиролцоог бид сайшааж байна” гэж мэдэгдэлд дурдсан байна.


Тус байгууллага терроризмыг үг дуугүй эсэргүүцэж, эрс шийдэмгий буруушааж, терроризмын бүх хэлбэр, илрэлтэй тэмцэх нь хамтын аюулгүй байдлын зайлшгүй шаардлага гэдгийг дахин онцолжээ.


НАТО-гийн мэдэгдэлд Хар тэнгисийн бүс нутгийн аюулгүй байдал, тогтвортой байдлыг хангахад чиглэсэн Монтрёгийн конвенцын хүрээнд үзүүлж буй дэмжлэгийг онцолсон байна. Баримт бичигт дурдсанаар, НАТО Хар тэнгист болж буй үйл явдлыг анхааралтай ажиглаж, нөхцөл байдлын талаар мэдээлэл авсаар байх болно.


Эрсдэлийг багасгах, хурцадмал байдлыг намжаах, ил тод байдлыг нэмэгдүүлэхийн тулд НАТО ОХУ-тай харилцаа холбооны сувгуудаа нээлттэй хэвээр байлгах болно гэж мэдэгдэлд дурджээ.


НАТО Оросыг аюулгүй байдалд нь заналхийлж буй хамгийн том аюул гэж үзэж байна. 


“ОХУ нь холбоотнуудын аюулгүй байдал, Евро-Атлантын бүс нутгийн энх тайван, тогтвортой байдалд хамгийн ноцтой бөгөөд шууд аюул учруулж байна" гэж мэдэгдэлд дурджээ. 


НАТО-гийн орнууд Оростой зөрчилдөөн үүсгэхийг хүсэхгүй байгаа бөгөөд хурцадмал байдлаас зайлсхийхийн тулд харилцаа холбооны сувгуудыг хадгална гэж найдаж байна.


“Бид Евро-Атлантын бүс нутаг, НАТО, ОХУ-ын хооронд тогтвортой байдал, урьдчилан таамаглах боломжтой байдлыг эрэлхийлж байна. НАТО сөргөлдөөнийг эрэлхийлдэггүй бөгөөд Орост ямар ч аюул занал учруулахгүй. Түүний дайсагнасан бодлого, дайсагнасан үйлдлүүдийн үүднээс бид Оросыг өөрийн түнш гэж үзэх боломжгүй. Бид эрсдэлийг зохицуулах, бууруулах, хурцадмал байдлаас урьдчилан сэргийлэх, ил тод байдлыг нэмэгдүүлэхийн тулд Москватай харилцах сувгийг нээлттэй байлгахыг хүсэж байна" гэж мэдэгдэлд дурджээ. 


НАТО мөн Европт ердийн зэвсэглэлийг хязгаарлах тухай гэрээнээс (CFE) гарахаас өмнө хүлээсэн үүргээ биелүүлж, гарах шийдвэрээ эргэн харахыг Орос улсад  уриалсан байна. 


Түүнчлэн Беларусийн нутаг дэвсгэрт цөмийн зэвсэг байрлуулах ОХУ-ын шийдвэрийг буруушаажээ.


НАТО Молдова улсын нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг дэмжиж байгаагаа илэрхийлж, энхийг сахиулагчдаа Приднестрийн нутгаас гаргахыг Орост уриалсан байна.


Умард Атлантын эвсэл мөн Ираныг Орост цэргийн салбарт, тэр дундаа нисгэгчгүй онгоц нийлүүлэх замаар дэмжлэг үзүүлэхээ зогсоохыг уриалжээ. НАТО-гийн орнууд Ираныг цөмийн зэвсэг бүтээхийг зөвшөөрөхгүй бөгөөд олон улсын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхийг уриалав. 


НАТО ОХУ-д тусламж үзүүлэхээ зогсоохыг бүх улс оронд уриалжээ. "Украинд цэргийн тусгай ажиллагаа явуулж байгаа үед бүх улс ОХУ-д ямар нэгэн тусламж үзүүлэхээ зогсоох хэрэгтэй" гэж мэдэгдэлд дурдсан байна. 


Түүнчлэн НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн тогтоолыг зөрчиж байгаа Умард Солонгосын баллистик пуужин болон үй олноор хөнөөх зэвсгийн хөтөлбөрийг буруушаажээ.


НАТО-гийн орнууд цэргийн зардлын доод хэмжээг ДНБ-ий 2 хувьд хүргэх үүрэг хүлээсэн байна. 


Украин НАТО-д элсэх болзлыг хангасны дараа, мөн холбоотнууд тохиролцоонд хүрсний дараа эвсэлд элсэх урилгыг тус улсад илгээж болно гэж мэдэгдэлд дурджээ.


"Холбоотнууд тохиролцоонд хүрч, Киев болзлыг биелүүлсэн нөхцөлд бид Украинд НАТО-д элсэх урилга илгээх боломжтой болно. Украины аюулгүй байдал нь холбоотнууд, эвслийн хувьд чухал ач холбогдолтой юм. Украиныг НАТО-д нэгтгэх цаашдын үйл ажиллагааг дэмжихийн тулд өнөөдөр бид өргөтгөсөн улс төрийн болон бодит дэмжлэг үзүүлэх томоохон багц шийдвэрийн талаар тохиролцлоо. Бид НАТО-Украины Зөвлөлийг байгуулахаар шийдлээ. Энэ нь холбоотнууд болон Украин улс төрийн яриа хэлцэл, оролцоо, хамтын ажиллагаа болон Украиныг НАТО-д элсүүлэх Евро-Атлантын хүсэл эрмэлзлэлийг урагшлуулахын тулд эрх тэгш гишүүн орны хувиар хуралдах шинэ хамтарсан байгууллага юм" гэж мэдэгдэлд дурдсан байна. 


Вильнюс хотноо болсон НАТО-гийн дээд хэмжээний уулзалтаар Гүржийг тус байгууллагад элсүүлэх хүсэлтэй байгааг баталж, тус эвсэлд гишүүнээр элсэх үйл ажиллагааны төлөвлөгөөг хэвээр хадгалахаар болжээ.


Мөн Бээжин, Москвагийн стратегийн хамтын ажиллагаа гүнзгийрч байгаа нь НАТО-гийн үнэт зүйл, ашиг сонирхолтой харшилж байгааг тэмдэглэсэн байна.


“Хятад, Оросын стратегийн түншлэлийн харилцаа гүнзгийрч, дүрэм журамд суурилсан олон улсын дэг журмыг зөрчих гэсэн оролдлого нь бидний үнэт зүйл, ашиг сонирхолд харшилж байна. Хятад улс НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүн орны хувьд үр бүтээлтэй үүрэг гүйцэтгэж, Оросын цэргийн тусгай ажиллагааг буруушааж, Орост цэргийн аливаа дэмжлэг үзүүлэхээс татгалзахыг уриалж байна. Олон улсын тавцанд Бээжингийн амбиц НАТО-гийн ашиг сонирхол, аюулгүй байдал, үнэт зүйлд аюул учруулж байна” гэж онцлон тэмдэглэжээ. 


НАТО-гийн дараагийн дээд хэмжээний уулзалт 2024 онд Вашингтонд, 2025 онд Нидерландад болно.


Связанные новости