Японы Ерөнхий сайд К.Фүмио В.Зеленскийтэй Литвад уулзах төлөвтэй байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
odondarjaa@montsame.gov.mn
2023-07-11 11:59:45

ТОКИО. /Kyodo/. Литва улсад болж буй НАТО-гийн дээд хэмжээний уулзалтын хүрээнд Японы Ерөнхий сайд Кишида Фүмио, Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский нарын уулзалтыг лхагва гарагт зохион байгуулахаар зөвшилцөж байгаа талаар Японы Засгийн газар дахь эх сурвалжууд даваа гарагт мэдээлжээ.


Эх сурвалжуудын мэдээлснээр, уулзалтын үеэр К.Фүмио Украины дэд бүтэц, эдийн засгийг сэргээхэд дэмжлэг үзүүлнэ гэдгээ илэрхийлэх төлөвтэй байна.


Өнгөрсөн тавдугаар сард Хирошимад болсон "Долоогийн бүлэг"-ийн дээд хэмжээний уулзалтад Украины Ерөнхийлөгч хүрэлцэн ирснээс хойш хоёр удирдагч дахин уулзах гэж байна. К.Фүмио В.Зеленскийтэй зургаадугаар сард утсаар ярьсан юм. 


Японы эрх баригчид Оросын түрэмгийллийн улмаас ихээхэн сүйдсэн Украиныг сэргээн босгоход гаргаж буй Европын орнуудын хүчин чармайлтад дэмжлэг үзүүлэх холбоо харилцааны систем байгуулахаар Украины талтай тохиролцжээ.


Токио 2011 онд болсон хүчтэй газар хөдлөлт, цунамийн дараах туршлагаасаа хуваалцаж Киевт сэргээн босгох асуудлаар зөвлөгөө өгөхөөр төлөвлөж  байна.


Хоёр өдөр үргэлжлэх НАТО-гийн дээд хэмжээний уулзалт мягмар гарагт Литвад эхэлнэ. Япон улс нь НАТО-гийн гишүүн биш хэдий ч Умард Атлантын эвслийн түнш юм.

Связанные новости