АНУ-ын тагнуулын онгоцыг Умард Солонгосын агаарын орон зайд нэвтэрсэн гэж шүүмжилжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
СӨҮЛ. /Yonhap/. БНАСАУ АНУ-ын тагнуулын онгоцыг өөрийнх нь агаарын орон зайд нэвтэрсэн гэж буруутгаж, уг онгоцыг буудаж сөнөөхгүй гэх баталгаа байхгүйг анхаарууллаа гэж Умард Солонгосын төрийн хэвлэлүүд даваа гарагт мэдээлжээ.
АНУ-ын “RC-135”, “U-2S”, “RQ-4B” зэрэг тагнуулын онгоцууд Зүүн тэнгис, Шар тэнгисийн дээгүүр долоодугаар сарын 2-ноос ням гараг хүртэл "өдөөн хатгасан" нислэг хийсэн гэж БНАСАУ-ын Батлан хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгч мэдэгдсэнийг тус улсын төрийн төв мэдээллийн агентлаг (KCNA) уламжилсан байна.
Хэвлэлийн төлөөлөгч мөн Солонгосын хойгт АНУ-ын цөмийн шумбагч онгоц байрлуулахаар төлөвлөж байгаа нь бүс нутгийн энх тайванд ноцтой аюул учруулж байна гэж шүүмжилжээ.
“Солонгосын хойгт стратегийн цөмийн зэвсгийг оруулах гэсэн АНУ-ын оролдлого
нь БНАСАУ болон хөрш зэргэлдээ орнуудын эсрэг хийж буй хамгийн илэрхий өдөөн хатгалга бөгөөд
бүс нутаг, дэлхийн энх тайван, аюулгүй байдалд ноцтой заналхийлэл, шинэ сорилт болж байна" гэж хэвлэлийн төлөөлөгч хэлсэн байна.
БНАСАУ-аас учирч буй аюул заналыг сөрөх зорилгоор АНУ, Өмнөд Солонгостой байгуулсан хэлэлцээрийн дагуу Солонгосын хойгт баллистик пуужин тээгч цөмийн шумбагч онгоц илгээхээ АНУ амласан юм. Шумбагч онгоцыг илгээх хугацаа тодорхойгүй байна.