Ж.Байден Их Британи, Финландад айлчилж, НАТО-гийн дээд хэмжээний уулзалтад оролцоно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2023-07-09 11:49:35

ВАШИНГТОН. /White house/. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Их Британи, Финландад айлчилж, Вильнюст болох НАТО-гийн дээд хэмжээний уулзалтад оролцоно гэж Цагаан ордноос мэдээлжээ. 


“Ерөнхийлөгч Ж.Байдены долоодугаар сарын 9-13-ны өдрүүдэд Европт хийх айлчлал Их Британи улсаас эхлэх бөгөөд тэрбээр хоёр орны ард түмний нягт харилцааг улам бэхжүүлэх зорилгоор хаан III Чарльз, Ерөнхий сайд Риши Сунак нартай хэлэлцээ хийснийхээ дараа долоодугаар сарын 11-12-нд Вильнюс хотод болох НАТО-гийн 74 дэх дээд хэмжээний уулзалтад оролцохоор Литвийг зорино" гэж Цагаан ордон мэдэгдэлдээ дурдсан байна. 


Лондонд Ж.Байден мөн уур амьсгал, цэвэр эрчим хүчний асуудалд зориулсан чуулга уулзалтад оролцох аж. АНУ-ын Ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жейк Салливаны мэдээлснээр, Литвад Ж.Байден тус улсын Ерөнхийлөгч Гитанас Науседатай, мөн НАТО-гийн орнуудын болон эвслийн Европ, Энэтхэг-Номхон далайн бүс нутгийн түнш орнуудын удирдагчидтай уулзана. 


Дээд хэмжээний уулзалтын дараа Ж.Байден лхагва гаргийн орой Вильнюст "чухал үг" хэлнэ. Ерөнхийлөгч үг хэлэх үеэрээ Украины нөхцөл байдлаас эхлүүлээд цаг уурын хямрал хүртэлх өдгөө тулгамдаад буй чухал асуудлуудын талаар ярих болно гэж Ж.Салливан мэдээлжээ. 


Америкийн удирдагч долоодугаар сарын 13-нд Хельсинкид айлчилна. Ж.Байден Финландын нийслэлд тус улсын Ерөнхий сайд Саули Ниинистётэй уулзахаас гадна, Хойд Европын орнуудын дээд хэмжээний уулзалтад оролцоно. Уг уулзалтад Шведийн Ерөнхий сайд Ульф Кристерссон, Норвегийн Ерөнхий сайд Йонас Гар Стере, Данийн Ерөнхий сайд Метте Фредериксен, Исландын Ерөнхий сайд Катрин Якобдоттир нар оролцоно.


Связанные новости