Ж.Йеллен: АНУ, БНХАУ-ын аль аль нь цэцэглэн хөгжихөд дэлхий ертөнц хангалттай том байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
БЭЭЖИН. /CNN/. АНУ, БНХАУ-ын аль аль нь цэцэглэн хөгжихөд дэлхий ертөнц хангалттай том байна гэж АНУ-ын Сангийн сайд Жанет Йеллен дэлхийн хоёр том эдийн засагтай гүрний харилцааг тогтворжуулах зорилгоор Бээжинд хийсэн айлчлалаа дүгнэн хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдлээ.
Тэрбээр Хятадын шинэ удирдлагуудтай, түүний дотор Ерөнхий сайд Ли Чян, Коммунист Намаас Хятадын Төв банкны тэргүүнээр саяхан шинээр томилогдсон Пан Гоншэн нартай "шууд бөгөөд гүн гүнзгий агуулгатай, үр бүтээлтэй" яриа хэлэлцээ хийснээ хэлэв.
Ж.Йеллен хэлэхдээ, “Хоёр өдрийн турш 10 цаг орчим үргэлжилсэн хоёр талын уулзалтууд маань АНУ, БНХАУ-ын харилцааг бэхжүүлэх бидний хүчин чармайлтад нэг алхам болсон гэж үзэж байна” хэмээгээд “ямар ч айлчлал бидний асуудлыг нэг шөнийн дотор шийдэхгүй. Гэхдээ энэхүү айлчлал тогтвортой, үр дүнтэй харилцааны сувгийг бий болгоход тусална гэж найдаж байна" гэлээ.
АНУ-ын Сангийн сайд мөн түүний айлчлал нь Хятадын түншүүдтэйгээ харилцаа тогтоох, гүнзгийрүүлэх, түүнчлэн уур амьсгалын өөрчлөлт, өрийн дарамтын асуудалтай тэмцэх зэрэг чиглэлээр үл ойлголцох эрсдэлийг бууруулах, хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилготой байсныг дурдав. Тэрбээр Вашингтон Хятадын эдийн засгаас өөрийгөө бүрэн холдуулахыг эрмэлзэхгүй байгааг дахин нотлоод энэ нь "хоёр орны хувьд сүйрэлд хүргэж, дэлхий нийтийг тогтворгүй болгоно” гэж нэмж хэлжээ. Ж.Йеллен мөн АНУ улс орнуудыг аль нэг талд нь орохыг албадах бус "нээлттэй, чөлөөт, шударга эдийн засгийг" харахыг хүсэж байна" гэж нэмж хэлэв.
АНУ-ын Сангийн сайд долоодугаар сарын 6-нд Бээжинд хүрэлцэн ирсэн бөгөөд 9-нд буюу өнөөдөр айлчлалаа өндөрлөж байна. Ж.Йеллений айлчлал нь сүүлийн хэдэн долоо хоногт АНУ-ын сайд нарын танхимын төлөөлөгчдөөс Хятадын нийслэлд хийсэн хоёр дахь айлчлал болж байна.