Израил Женинээс цэргээ татаж эхэлжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
БЕРЛИН. /DW/. Израил улс Иордан голын Баруун эргийн Женин хотоос цэргээ татаж эхэлжээ. Тус улсын Батлан хамгаалах хүчний (ЦАХАЛ) мэдээлснээр, эхний ангиуд долоодугаар сарын 4-ний мягмар гаргийн орой Палестины хотоос гарсан байна.
Энэ мэдээллийг нүдээрээ харсан хүмүүс баталжээ. Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху мөн Женин дэх ажиллагааг дуусгаж байна гэж мягмар гаргийн орой мэдэгдсэн байна. "Одоогоор бид даалгавраа дуусгаж байна. Женин дэх бидний өргөн хэмжээний ажиллагаа нэг удаагийн ажиллагаа биш юм" гэж тэрбээр хотын ойролцоох Израилын армийн постод очих үеэрээ мэдэгджээ.
Израилын арми цэргээ татаж эхэлснээс хойш хэдхэн цагийн дараа Газын зурвасаас Израил руу таван пуужин харвасан гэж ЦАХАЛ твиттер хуудсандаа мэдээлжээ. Пуужингуудыг амдан сөнөөж, хүний амь эрсдээгүй байна. Пуужин харвасны хариуд Израилын арми Газын зурвасын хойд хэсэгт байрлах ХАМАС хөдөлгөөний цэргийн байгууламжид цохилт өгчээ.
Иордан голын Баруун эрэгт томоохон ажиллагаа эхлүүлж, террорист бүлэглэлд цохилт өгснөө Израилын Батлан хамгаалах хүчин долоодугаар сарын 3-нд шилжих шөнө мэдэгдсэн юм. ЦАХАЛ-ын мэдэгдэлд дурдсанаар, цохилтыг Женин хот дахь хагас цэрэгжсэн бүлэглэлүүдийн командлалын төв байрладаг барилгууд, мөн зэвсэг, тэсрэх бодисын агуулахад өгчээ. "Террористууд Женин хотын хуаранг орогнох газар болгон ашиглаж, энгийн иргэдэд хохирол учруулсаар байгаа цагт зүгээр суухгүй" гэж Израилын арми мэдэгдэлдээ дурдсан байна.
Женин хотод дүрвэгсдийн хуаран байдаг бөгөөд уг хуаранд лалын шашинтнуудын ХАМАС хөдөлгөөн, "Исламын жихад" бүлэглэл зэрэг Палестины хагас цэрэгжсэн янз бүрийн бүлэглэлүүдийн олон зуун зэвсэглэсэн дайчид байрладаг гэж "Reuters" агентлаг мэдээлжээ.
Уг ажиллагаа эхэлснээс хойш Палестины 12 иргэн амиа алдсаны тав нь зэвсэгт дайчид бөгөөд 100 гаруй хүн шархадсан гэж Рамалла дахь Эрүүл мэндийн яам мэдээлжээ. Израилын армийн мэдээлснээр, уг ажиллагааны үеэр тус улсын нэг цэрэг амиа алдсан байна.