Турк, Египет улс Элчин сайд нараа харилцан томилжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ИСТАНБУЛ. /Anadolu/. Турк, Египет улс сүүлийн 10 жилд анх удаа Элчин сайд нараа томилж, дипломат харилцаагаа Элчин сайдын түвшинд хүргэж ахиуллаа гэж Туркийн Гадаад хэргийн яам мэдээлжээ.
Египетийн Ерөнхийлөгч Абдель Фаттах ас-Сиси, Туркийн төрийн тэргүүн Режеп Тайип Эрдоган нар тавдугаар сарын сүүлчээр утсаар ярих үеэрээ хоёр орны дипломат харилцааны түвшнийг ахиулж, Элчин сайд нараа солилцохоор тохиролцсон юм.
“Турк, Египет улсууд дипломат харилцаагаа Элчин сайдын түвшинд хүргэж ахиулсныг зарлаж байна” гэж мэдэгдэлд дурдсан байна.
Турк улсаас Египетэд суух шинэ Элчин сайдаар Исламын хамтын ажиллагааны байгууллагад улсаа төлөөлж байсан Салих Мутлу Шенийг томилсон бол Египетийн тал Амра аль-Хамамиг Анкарад суух Элчин сайдаар томилох санал тавьжээ.
"Энэхүү алхам нь хоёр орны харилцааг хэвийн болгоход чиглэж байгаа бөгөөд хоёр талын харилцааг Турк, Египетийн ард түмний ашиг сонирхолд нийцүүлэн хөгжүүлэх хоёр талын хүсэл эрмэлзлийг илэрхийлж байна" гэж баримт бичигт онцолсон байна.
2013 оны долоодугаар сард Египетийн Ерөнхийлөгч Мухаммед Мурсиг түлхэн унагаж, улмаар цуст мөргөлдөөн болсны дараа Турк, Египетийн харилцаа муудсан. Тухайн үед Р.Эрдоган Мухаммед Мурсигийн дэмжигчдийн эсрэг явуулсан Египетийн цэргийнхний ажиллагааг эрс буруушаасан юм. Хоёр улс мөн оны наймдугаар сард Элчин сайд нараа эргүүлэн татаж, Египет Туркийн Элчин сайдыг, харин Турк Египетийн Элчин сайдыг “персона нон грата” гэж зарлажээ.