АНУ-ын Конгрессын төлөөлөгчид Тайваньд хүрэлцэн иржээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2023-07-03 13:35:40

ХОНКОНГ. /TASS/. АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимд Бүгд Найрамдах намаас сонгогдсон гишүүдээс бүрдсэн төлөөлөгчид даваа гарагт Тайваньд хүрэлцэн ирсэн талаар арлын гадаад бодлогын байгууллага мэдээлжээ. 


Мэдээлэлд дурдсанаар, төлөөлөгчдийг Оклахома муж улсаас сонгогдсон Кевин Херн тэргүүлж байгаа бол төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Бержес Оуэнс, Майк Флод, Майк Коллинз, Рассел Фрай, Кит Селф нарын гишүүд багтсан байна. 


Конгрессын төлөөлөгчдийн айлчлал долоодугаар сарын 3-7-ны хооронд үргэлжлэх бөгөөд энэ үеэр төлөөлөгчдийг Тайванийн засаг захиргааны тэргүүн Цай Инвэнь хүлээн авч уулзах аж. Конгрессын гишүүд мөн түүний орлогч Лай Чиндэ, Гадаад хэргийн сайд Жозеф Ву (Хятад нэр нь Ву Жаосэ) болон бусад албаны хүмүүс, шинжээчидтэй уулзахаар төлөвлөжээ. 


Зургаадугаар сарын 27-29-нд Бүгд Найрамдах намын гишүүн, Зэвсэгт хүчний асуудал эрхэлсэн хороон дарга Майк Рожерс тэргүүтэй, Төлөөлөгчдийн танхимын есөн гишүүнээс бүрдсэн өөр төлөөлөгчид Тайваньд мөн айлчилжээ. Тэд арлын төлөөлөгчидтэй бүс нутгийн аюулгүй байдал, худалдаа, хөрөнгө оруулалт болон бусад асуудлаар ярилцсан байна.


Связанные новости