ОХУ-д үзүүлэх шахалтыг цаашид нэмэгдүүлэх арга хэмжээний талаар хэлэлцжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
БРЮССЕЛЬ. /DW/. Европын Холбооны /ЕХ/ гишүүн 27 орны төр, засгийн тэргүүн нар пүрэв гарагт Брюссель хотноо эхэлсэн уулзалтынхаа эхний өдөр ОХУ-д үзүүлэх шахалтыг цаашид нэмэгдүүлэх арга хэмжээний талаар хэлэлцжээ.
“Европын зөвлөл түрэмгий дайн хийх чадавхыг нь сулруулах зорилгоор ОХУ-д үзүүлэх шахалтыг цаашид нэмэгдүүлэх хүчин чармайлтын талаар, түүний дотор хориг арга хэмжээ авах, тэдгээрийг бүрэн дүүрэн, үр дүнтэй хэрэгжүүлэх, тойрч гарахаас урьдчилан сэргийлэх зэрэг асуудлыг хэлэлцлээ" гэж дээд хэмжээний уулзалтын эхний өдрийн дараа нийтэлсэн мэдэгдэлд дурдсан байна.
Үүнтэй холбоотойгоор, ЕХ-ны удирдагчид Оросын эсрэг 11 дэх багц хориг арга хэмжээг баталсныг сайшаажээ.
Хоёр өдөр үргэлжлэх ЕХ-ны дээд хэмжээний уулзалтаар мөн Украинд үзүүлэх тусламж, цагаачлал, эдийн засаг, Хятадтай холбоотой асуудлыг хэлэлцэх аж.