Бенин дэх хогийн цэг дээр дэлбэрэлт болсны улмаас 8 хүн амиа алджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
sarnai@montsame.mn
2016-09-12 12:08:34

ПОРТО-НОВО. /Sputnik/.  Бенин улсад хогийн цэг дээр дэлбэрэлт болсны улмаас 8 хүн амиа алдаж, 100 орчим хүн шархаджээ.  

Уг дэлбэрэлт баруун Африкийн энэ улсын нийслэлээс 40 орчим км-ын зайд орших Тори гэдэг нэгэн тосгон дахь хогийн цэг дээр болжээ.

Эхэндээ хачирхалтай мэт санагдаж буй ч энэ осол нэлээд ноцтой юм.  

Орон нутгийн нэгэн компани хугацаа нь дууссан гурилыг уг хогийн цэгт аваачин шатаажээ. Энэ үед хог түүдэг нутгийн хүмүүс галд бүх зүйл шатахаас өрсөн хугацаа нь дууссан боловч хэрэглэж болох хүнс цуглуулахаар олноороо цугласан байв.  

Хуурай гурил нь маш шатамхай учраас гал гарсан тохиолдолд томоохон дэлбэрэлт үүсгэх магадлалтай байдаг ажээ. Уг дэлбэрэлтийг “тоосны дэлбэрэлт” гэдэг бөгөөд маш өндөр даралттай давалгаа үүсгэж, цацрагийн маш их дулааныг ялгаруулдаг байна.  Мөн дээр нь секундийн дотор хүчилтөрөгчгүй орчинг үүсгэснээр хүмүүсийн амьсгал боогдож нас бардаг ажээ.

Зарим эх сурвалжийн мэдээлснээр эдгээр гурилан дээр бензин асгаж шатаасан нь дэлбэрэлт үүсэхэд нөлөөлсөн байна.

Хог хаягдлын зохицуулалт маш муу байдаг баруун Африк дахь хог хаягдал түүж амьдардаг дэлхийн хамгийн ядуу хүмүүсийн хувьд хугацаа нь дууссан гурил ч хоол хүнс болдог ажээ.

Электрон тоног төхөөрөмж, химийн бодисыг агуулсан шатамхай болон хортой материалаар дүүрсэн ямар ч зохицуулалтгүй уг хогийн цэгт хог хаягдлыг замбараагүй хаясны улмаас ийнхүү ядуу хүмүүсийг аймшигт осол нэрвэжээ.   

Х.Сарнай


 

Связанные новости