Суданы хямралыг зохицуулах сайд нарын хороо байгуулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2023-05-08 15:52:02

КАИР. /Xinhua/. Арабын улсуудын холбооны зөвлөл Суданд үүсээд буй хямралыг зохицуулах зорилгоор тус улсын сөргөлдөгч талууд болон нөлөө бүхий орнуудтай холбоо тогтоох бүлгийг сайд нарын түвшинд байгуулах тогтоолыг ням гарагт гаргажээ.


Египетийн нийслэл Каир хотноо болсон зөвлөлийн яаралтай хуралдааны үеэр гаргасан уг тогтоол нь Суданы арми болон шуурхай хариу арга хэмжээ авах хүчний хооронд дөрөвдүгээр сарын дунд үеэс хойш үүсээд буй мөргөлдөөнийг тайван замаар шийдвэрлэхэд чиглэсэн Арабын орнуудын хүчин чармайлтыг эрчимжүүлэх зорилготой байна.


Тогтоолын дагуу холбоо тогтоох бүлэг нь Саудын Араб, Египет болон Арабын улсуудын холбооны орнуудын төлөөлөгчдөөс бүрдэнэ гэж мэдэгдэлд нь дурджээ. Энэхүү бүлэг нь Суданы сөргөлдөгч талууд, бүс нутгийн болон олон улсын тавцан дахь нөлөө бүхий орнууд, холбогдох олон улсын байгууллагуудтай харилцаа холбоо тогтоох юм.


Улмаар Суданд бүрмөсөн гал зогсоож, хямралын шалтгааныг арилгахыг зорьж байгаа бөгөөд цаашид Суданы иргэд, дүрвэгсдэд хүмүүнлэгийн болон эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэхийн тулд олон улсын тусламжийн байгууллагуудтай хамтран ажиллана. Мөн хөрш зэргэлдээ орнуудад орогнож буй хүмүүст туслах чиглэлд ажиллах юм байна.


Арабын улсуудын холбооны зөвлөл мөн Суданы бүрэн эрхт байдал, эв нэгдэл, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг бүрэн хүндэтгэж, мөргөлдөөн өдөөх, бүс нутгийн энх тайван, аюулгүй байдалд аюул занал учрахаас сэргийлэхийн тулд дотоод хэрэгт нь хөндлөнгөөс оролцохгүй байх шаардлагатайг цохон тэмдэглэжээ. 

Связанные новости