АНУ, БНСУ цөмийн тогтоон барих хүчний тухай Вашингтоны тунхаглалыг баталжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ВАШИНГТОН. /White House/. АНУ, БНСУ-ын эрх баригчид цөмийн төлөвлөлтийн асуудлаарх зөвлөлдөх бүлэг байгуулах, мөн тогтоон барих чадавхыг харуулах хэд хэдэн алхмыг тусгасан Вашингтоны тунхаглалыг баталжээ. Баримт бичгийг Цагаан ордны хэвлэлийн алба лхагва гарагт нийтэлсэн байна.
Тунхаглалд онцлон тэмдэглэснээр, АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, БНСУ-ын төрийн тэргүүн Юн Сог Ёль нар лхагва гарагт Вашинтонд уулзахдаа, "хамтын батлан хамгаалах салбарт улам бат бөх харилцааг хөгжүүлэх" эрмэлзэлтэй байгаагаа дахин нотолжээ. “БНСУ өргөтгөсөн тогтоон барих чиглэлээр АНУ-ын үүрэг амлалтад бүрэн дүүрэн итгэж байгаа бөгөөд цөмийн хүчийг тогтоон барих АНУ-ын амлалтад найдах нь чухал гэдгийг хүлээн зөвшөөрч байна" гэж баримт бичигт онцолсон байна.
Уг тунхаглалд Вашингтон, Сөүл хоёр цөмийн хүчийг тогтоон барих талаар шийдвэр гаргахдаа зөвлөлдөх уулзалт хийхээр төлөвлөж байна гэж дурджээ. Ж.Байден, Юн Сог Ёль нар “өргөтгөсөн тогтоон барих чадавхыг бэхжүүлэх, БНАСАУ-аас цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх ёс журамд учирч буй аюул заналд хариу арга хэмжээ авах зорилгоор цөмийн салбарын асуудлаар зөвлөлдөх бүлэг байгуулахаа мэдэгдсэн байна”. Талууд мөн Солонгосын хойгт цөмийн хүчийг тогтоон барих чиглэлээр цэргийн сургуулилалтаа идэвхжүүлэхээр төлөвлөж байна.
Түүнчлэн БНАСАУ-аас учирч буй цөмийн аюулын талаарх түгшүүр нэмэгдэж байгаатай холбогдуулан Сөүлийг илт дэмжиж буйг харуулахаар сүүлийн 40 гаруй жилийн дараа Америкийн цөмийн шумбагч онгоцуудыг БНСУ-д байрлуулахаар төлөвлөж байгааг баримт бичигт тэмдэглэжээ.