"Үй Цай" сургуулийн сурагчид сонгодог зохиолоор "аялав"
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхийн номын өдрийг тохиолдуулан хятад хэлний сургалттай "Үй Цай" сургууль “Сонгодог зохиолоор аялахуй” өдөрлөгийг Д.Сүхбаатарын
талбайд энэ сарын 23-нд зохион байгууллаа.
НҮБ-ын
Боловсрол, соёл, шинжлэх ухааны байгууллага буюу ЮНЕСКО-гоос 1995 онд жил
бүрийн 4 дүгээр сарын 23-ны өдрийг "Дэлхийн ном болон зохиогчийн эрхийн
өдөр" болгон зарласан. Дэлхийн 100 гаруй оронд энэ өдөр зохиолч, хэвлэн
нийтлэгчдэд хүндэтгэл илэрхийлэх, иргэд олон нийт, ялангуяа хүүхэд, залуучуудын
дунд ном эрдмийг сурталчлах, нийтийн уншлагыг дэмжих зорилгоор тэмдэглэдэг
уламжлал тогтжээ.
Тус сургуулийн сурагчид дэлхийн сонгодог болон монголын уран зохиолыг театрчилсан хэлбэрээр бүтээл болгон төв талбайд цугларсан үзэгч, эцэг эхчүүд, багш нар болон үе тэнгийнхэндээ тоглож сонирхуулав.
"Үй Цай" сургуулийн захирал Д.Цэцэгмаа хэлэхдээ, “Манай сургууль хос болон олон хэлээрх сургалтын хөтөлбөрөө дэмжсэн “Эртэч хүүхдүүд” өглөөний уншлага, “Би судлаач хүүхэд” зэрэг нэмэлт хөтөлбөрийг хэрэгжүүлж сурагчдаар үндэсний болон дэлхийн сонгодог зохиол, шинжлэх ухааны мэдээлэл бүхий эх сурвалжуудыг монгол, хятад, англи хэлээр уншуулж, жүжигчилсэн тоглолт хийх, зохиол, эх сурвалжийн агуулгыг оюуны зураглалаар илэрхийлэх, эсээ бичих, илтгэл тавих зэргээр сурагчдын бие даан ажиллах чадвар, бүтээлч сэтгэлгээг нь хөгжүүлдэг. Үүний үр дүнг жил бүрийн дөрөвдүгээр сард Дэлхийн номын баярын өдрөөр сурагч-эцэг эх-багш хамтран “Номын баяр” болгон тэмдэглэдэг. Харин энэ хичээлийн жилээс уг номын баярыг “Сонгодог зохиолоор аялахуй” наадам болгон өргөжүүлж байна. Манай сургуулийн сурагчид өглөө бүр 7.30 минутаас эх зохиол болон сонгодог зохиол уншдаг. Дэлхийн сонгодог зохиолоос “Монте Кристо гүн” бол манай сурагчдын байнгын ном, олон жил уншсан. Сурах бичгээс гадна нэг сонгодог зохиол уншихад хүүхдийн үгсийн сан нэмэгддэг. Сонгодог бүтээл, сургамжтай эх уншихад хүүхэд тухайн улс орон, аж амьдралын тухай гурван хэлний шинэ үгийн сан нэмэгдэж, ахуй орчин, амьдралын хэв маягтай нь танилцдаг. Сонгодог зохиол бол хүн төрөлхтний түүх юм. Тиймээс хүн төрөлхтний түүхийг хүүхдээрээ дамжуулан манай эцэг эхчүүд мөн танилцаж, гэр бүлээрээ номын дотоод ертөнцөөр аялах сонирхолтой болж байна. 1800-1900 оны сонгодог зохиолууд театрт амилдаг бол өнөөдөр манай сургуулийн сурагчид өөрсдөө амилуулж байна” гэв.
Тус сургуулийн 10 дугаар ангийн сурагч Билгүүний ээж Н.Энхтуяа, “Үй Цай" сургууль “Шадар гурван цэрэг”, “Цагаан соёот”, “Усан доогуур 20000 бээр аялсан нь” гэх мэт сонгодог зохиолыг хүүхдүүдээр тогтмол уншуулдаг юм билээ. Эхлээд монгол, дараа нь англи, хятад хэлээр уншуулдаг. Энэ нь хүүхдийг номд дурлуулах, гурван хэлээр харьцуулж уншихад тэдний гадаад хэлний мэдлэг дээшлэх, сэтгэлгээний цар хүрээ нь тэлэх, ертөнцийг үзэх үзэл нь ч төлөвших давуу талтай. Уншсан зохиолоороо өөрсдөө англи хэлээр жүжигчилсэн хэлбэрээр тоглож буй нь хүүхдийн хувьд насан туршид нь мартагдахгүй, ой тойнд нь үлдэх болно гэж бодож байна” гэв.
Тус сургуулийн 9 дүгээр ангийн сурагч Г.Булгантамир хэлэхдээ, “Шадар гурван цэрэг” зохиолын хатагтай Бонаси буюу хатны туслахын дүр бүтээлээ. Анх удаа англи хэлээр жүжиг тоглосондоо маш их баяртай байна. Манай сургууль өглөө бүр монгол, англи, хятад хэлээр дэлхийн сонгодог зохиолыг уншдаг. Өнгөрсөн жил наймдугаар ангид байхдаа “Цагаан соёот” зохиолыг уншиж, илтгэл тавьсан. Энэ жил 9 дүгээр ангидаа “Шадар гурван цэрэг” зохиолыг уншиж байгаа” хэмээн сэтгэгдлээ хуваалцав.
Тус сургуулийн хятад
хэлний багш Л.Ерөөлтогтох, “Би "Үй Цай" сургуулийг төгсөөд сургуульдаа хятад
хэлний багшаар ажиллаж байна. Сурагчид маань өмнөх үеэсээ суралцан илүү академик
түвшинд шилжиж улам чадварлаг болжээ.
Намайг сурч байхад оюуны зураглал хийдэггүй байсан бол одоо хүүхдүүд уншсан
зохиолоороо оюуны зураглал гаргаж, мөн дүрээ хуваарилан жүжиг хэлбэрээр англи,
хятад хэлээр төгс ярьж байна” гэв.
“Сонгодог зохиолоор аялахуй” наадамд "Үй Цай" сургуулийн 1000-аад сурагч, эцэг эх оролцов.