Орландогийн халдлагаас амьд үлдсэн сүүлчийн хүн эмнэлгээс гарчээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМВАШИНГТОН. /thewashingtonpost/. Орландо хотод ижил хүйстнүүдийн шөнийн клубт болсон халдлагаас амьд үлдсэн сүүлчийн хүн гурван сар орчим хэвтэж эмчлүүлсний дараа эмнэлгээс гарчээ.
Энэ тухай Орландо хотын Эрүүл мэндийн төв мягмар гарагт өөрийн твиттер хуудсандаа мэдээлсэн байна. Гэхдээ өвчтөний талаарх мэдээллийг нууцалжээ.
“Pulse” шөнийн клубт болсон халдлагаас амьд үлдсэн 35 хүнд Орландо хотын Эрүүл мэндийн төв 76 удаагийн мэс засал хийсэн байна. 6 дугаар сарын 12-нд болсон уг халдлагад 49 хүн амиа алдсан бөгөөд АНУ-ын түүхэнд хамгийн их цус урсгасан хэрэг явдал болсон юм.
Өнгөрсөн сард Орландо хотын Эрүүл мэндийн төв болон Флорида муж улсын эмнэлэг уг халдлагаас амьд үлдэн эмчлүүлж байгаа хүмүүсээс эмчилгээний төлбөр авахгүй гэдгээ мэдэгджээ.
Х.Сарнай