“Долоогийн бүлэг”-ийн Гадаад хэргийн сайд нар Орос, Хятадын эсрэг нэгдмэл байр суурьд хүрчээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ТОКИО. /NHK/. Японы төв нутгийн Нагано мужийн Карүизава хотод хийсэн “Долоогийн бүлэг”-ийн орнуудын Гадаад хэргийн сайд нарын гурван өдрийн уулзалт мягмар гаргийн өглөө өндөрлөлөө.
Уулзалтын дараа
гаргасан хамтарсан мэдэгдэлд, Оросын цэргүүдийг Украины нутаг дэвсгэрээс нэн
даруй гаргахыг уриалснаас гадна, статус-квог хүчээр албадан өөрчлөх гэсэн
Хятадын оролдлогуудыг эрс эсэргүүцэж байгаагаа илэрхийлжээ.
Уг мэдэгдэлд ОХУ-ыг зэмлэн буруушаагаад, Украинаас цэргүүдээ нэн даруй, нөхцөл болзолгүйгээр
гаргахыг уриалжээ. "Долоогийн бүлэг" мөн Украинд үргэлжлүүлэн дэмжлэг
үзүүлнэ гэдгээ мэдэгдсэний сацуу Орост зэвсэг нийлүүлэхээ зогсоохыг гуравдагч
орнуудад уриалсан байна.
Талууд мөн Зүүн
Хятадын тэнгис, Өмнөд Хятадын тэнгис дэх нөхцөл байдалд ихэд санаа зовниж буйгаа
илэрхийлээд, Тайванийн хоолойн энх тайван, тогтвортой байдлын ач холбогдлыг
онцлон тэмдэглэжээ.
Японы Гадаад хэргийн сайд Хаяши Ёшимаса сэтгүүлчдэд мэдээлэл өгөх үеэрээ, дэлхий хаана ч аливаа статус-квог дангаараа өөрчлөх гэсэн оролдлогыг “Долоогийн бүлэг” эсэргүүцнэ гэдгийг сайд нар анх удаа баримт бичиг хэлбэрээр баталсныг онцолсон байна.
“Бид мөн Япон улсын зүгээс чухал ач холбогдол өгдөг хууль дээдлэх зарчимд тулгуурласан чөлөөт, нээлттэй олон улсын дэг журамд оролцоно гэдгээ дахин нотолсон” гэж Х.Ёшимаса хэлжээ.