ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.Лавров Латин Америкт айлчилж байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
МОСКВА. /TASS/.
ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров дөрөвдүгээр сарын 17-ноос 21-ний өдрүүдэд Латин Америкт хийх айлчлалаа эхлүүлжээ.
Айлчлалынхаа хүрээнд С.Лавров Бразил, Венесуэл, Никарагуа, Куба улсад айлчилж, эдгээр улсын дээд удирдлагатай
уулзалт хийж, Гадаад хэргийн сайд нартай хэлэлцээ хийхээр төлөвлөж байна гэж
Оросын дипломат албанаас мэдээлжээ.
Тэрбээр улс төр, худалдаа, эдийн засаг, боловсрол, хүмүүнлэг, соёл болон бусад салбарт эдгээр орнуудтай харилцан ашигтай хамтын ажиллагаагаа бэхжүүлэхэд чиглэсэн тодорхой төлөвлөгөөтэйгөөр тус бүс нутгийг зорилоо гэж ОХУ-ын Гадаад хэргийн яамны мэдээнд тэмдэглэсэн байна.
“Бид НҮБ-ын Дүрэмд тулгуурласан орчин үеийн дэлхийн олон улсын эрх зүйн үндсийг бэхжүүлэх асуудлыг хэлэлцээний төвд оруулахаар төлөвлөж байна. Латин Америк бол бидний хувьд найрсаг бүс нутаг бөгөөд олон тулгуурт ертөнцийг бий болгох төвүүдийн нэг юм. ОХУ тус бүс нутагтай гаднын нөлөөгүй хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилгоор хоёр талын бүтээлч яриа хэлэлцээгээ цаашид үргэлжлүүлнэ” гэж уг мэдээнд дурджээ.
Өнөөдөр С.Лавров Бразил улсад хийж буй айлчлалаа дуусган Венесуэлийг зорих аж.