Украины асуудлаар яриа хэлэлцээ хийх шаардлагатай гэдэгт санал нэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2023-04-15 10:04:47

БЭЭЖИН. /NHK/. Хятад, Бразилын төрийн тэргүүн нар яриа хэлэлцээ хийх нь Украинд үүсээд буй нөхцөл байдлыг зохицуулах цорын ганц боломжит арга зам гэдэгт санал нэгджээ.


БНХАУ-ын дарга Ши Жиньпин тус улсад айлчилж буй Бразилын Ерөнхийлөгч Луис Инасиу Лула да Силватай Бээжин хотноо баасан гарагт уулзсан юм.


Украины хямралыг энхийн замаар зохицуулах бүх хүчин чармайлтыг дэмжих ёстой гэдэгт хоёр орны удирдагчид санал нэгдлээ гэж Хятадын Гадаад хэргийн яам мэдээлжээ.


Ши Жиньпин хэлсэн үгэндээ, Хятад, Бразил нь иж бүрэн стратегийн түншүүд гэдгийг цохон тэмдэглээд, хөдөө аж ахуй, эрчим хүч, дэд бүтэц болон бусад салбарт хамтын ажиллагаагаа хөгжүүлэх хэрэгтэйг онцолжээ.


Харин Лула да Силвагийн хувьд, Бразил улс олон улсын оновчтой дэг журмыг хөхиүлэн дэмжих стратегийн үзэл санааны үүднээс Хятад улстай илүү ойр дотно, нягт харилцааг хөгжүүлэхэд бэлэн байгааг илэрхийлсэн байна.

Связанные новости