Израилд үндэсний гвард байгуулах шийдвэрийг баталжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2023-04-03 09:21:20

ТЕЛЬ-АВИВ. /The Jerusalem Post/. Израилын Засгийн газар үндэсний гвард байгуулах шийдвэрийг ням гаргийн хуралдаанаараа баталсныг тус улсын Ерөнхий сайд Биньямин Нетаньяхугийн ажлын алба мэдээлжээ. 


Аюулгүй байдлын шинэ бүтцийг хэт барууны үзэл баримтлагч "Еврейн хүч" намын дарга Итамар Бен-Гвирийн тэргүүлдэг Үндэсний аюулгүй байдлын яамны дэргэд байгуулна. 


"Wall Guardian" ажиллагааны үеэр гарч байсан үймээн самуун гэх мэт онцгой байдлын үед үндэсний гвардыг дайчилна гэж Б.Нетаньяхугийн ажлын алба онцолжээ. Уг ажиллагааг Израилын цэргүүд 2021 оны тавдугаар сард Газын зурваст явуулсан юм. 


Бен-Гвир энэ шийдвэрийг "Израилын ард түмэнд өгөх чухал дохио" хэмээн тодорхойлжээ. "Үндэсний гвард нь Израилын бүх нутаг дэвсгэрт бүрэн эрхт байдлыг сэргээх, иргэдийн хувийн аюулгүй байдлыг хангахын тулд ажиллах болно. Энэхүү шийдвэрийг дэмжсэнд Ерөнхий сайдад талархаж байна" гэж тэрбээр мэдэгдсэн байна. Шинэ бүтэц байгуулах санхүүжилтийг гаргахын тулд бусад байгууллагын төсвийг нийт 1.5 хувиар танахаар болжээ. 


Дээрх шийдвэрийг шүүхийн шинэчлэлийн талаарх маргаан Израилд үргэлжилж байгаа энэ үед гаргаж байгаа юм. Маргаан дагуулсан төслийг батлах үйл явцыг хойшлуулснаа Б.Нетаньяху өнгөрсөн долоо хоногийн даваа гарагт мэдэгдсэний дараа сөрөг хүчнийхэн Ерөнхийлөгчийн зуучлалтайгаар хэлэлцээ хийж эхэлжээ. Израилын төрийн мэдлийн “Kan” радиогоор мэдээлснээр, эрх баригч эвсэл дотор шинэчлэлийг хойшлуулахыг эсэргүүцэгчдийн нэг нь Бен-Гвир байсан бөгөөд үндэсний гвардыг байгуулж, шинэ бүтцийг өөрийнх нь мэдэлд өгөхөөр амласны дараа тэрбээр зөвшөөрсөн байна. 


Связанные новости