Цагдаа нар болон Руссефийг дэмжигчдийн хооронд мөргөлдөөн болжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2016-09-05 12:28:05

САН-ПАУЛУ. /AP/. Дилма Руссефийг ерөнхийлөгчийн албан тушаалаас бүрмөсөн огцруулснаас тав хоногийн дараа буюу өчигдөр Бразилын хамгийн том хот болох Сан-Паулуд шинэ ерөнхийлөгчийг эсэргүүцэгчид болон цагдаа нарын хооронд мөргөлдөөн болжээ.

Сан-Паулу хотын албаны хүмүүс хэлэхдээ “Ерөнхийлөгч Мишель Темерийг эсэргүүцэгчид эхэндээ тайван жагсаал хийж байсан боловч удалгүй эд хогшил эвдэн сүйтгэж эхэлсэн учир цагдаа нар нулимс асгаруулагч хий цацаж, усан буугаар шүршихээс өөр аргагүйд хүрсэн” гэв.

Дэд ерөнхийлөгчийн алба хашиж байсан Темерийн эсрэг хүчирхэг сөрөг хүчин бий болгоно гэдгээ Руссефф мэдэгдэж байсан билээ. Тэрбээр Бразилын Дээд шүүхэд давж заалдсан юм. Харин хуулийн мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар, Руссефф давж заалдаад амжилт олохгүй байж магадгүй. Учир нь, Руссеффийг албан тушаалаас нь бүрмөсөн огцруулах олон сар үргэлжилсэн үйл явцын үеэр тэрбээр хэд хэдэн удаа гомдол гаргаж байсан боловч хэрэгсээгүй билээ.

Сан-Паулу-гийн эсэргүүцлийн жагсаалын өмнө Хятадад “Их-20” бүлгийн уулзалтын үеэр М.Темер хэвлэлийн бага хурал хийх үеэрээ “эд хогшил эвдэж сүйтгэсэн жагсагчдыг шийтгэх болно. Нийтийн өмчид халдаж, эвдэж сүйтгэх нь эсэргүүцлээ илэрхийлэх арга биш харин гэмт хэрэг юм” гэжээ.

Темерийг үүрэгт хугацаа нь дуусахаас өмнө огцруулбал шинэ сонгууль хийх шаардлагатай болно.

Г.Доржханд

 

Связанные новости