АНУ-ын дэд Ерөнхийлөгч Германы Канцлертай Украин, Хятадын асуудлаар хэлэлцжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2023-02-18 09:30:33

МЮНХЕН. /VAO/.  АНУ-ын дэд Ерөнхийлөгч Камала Харрис баасан гарагт Мюнхений аюулгүй байдлын бага хурлын үеэр ХБНГУ-ын Канцлер Олаф Шольцтой хэлэлцээ хийлээ. 


К.Харрис, О.Шольц нар Оросын түрэмгийлэл, Украинд үзүүлж буй дэмжлэг, түүнчлэн Хятад улсаас учирч буй сорилтуудын талаар хэлэлцлээ гэж Цагаан ордны хэвлэлийн алба мэдээлэв. 


Цагаан ордны хэвлэлийн мэдээнд дурдсанаар, АНУ-ын дэд Ерөнхийлөгч дэлхий дахинд манлайлж буйд Канцлер О.Шольцод талархал илэрхийлжээ. "Батлан хамгаалахын салбарт оруулсан ХБНГУ-ын түүхэн хөрөнгө оруулалт, Украинд үзүүлж буй хүмүүнлэг, эдийн засаг, аюулгүй байдлын томоохон тусламж, тэр дундаа Германы “Leopard” танкийг Украинд нийлүүлж, төсвийн дэмжлэг үзүүлэхээр болсныг Дэд ерөнхийлөгч сайшаав" хэмээн дурдсан байна.


Мөн уур амьсгалын хямралыг даван туулах, цэвэр эрчим хүчинд шилжих зэрэг асуудлуудыг хөндсөнийг онцолжээ.


Гадаад бодлого, батлан хамгаалах асуудлаарх дэлхийн хамгийн чухал чуулга уулзалт болох Мюнхений аюулгүй байдлын бага хурал баасан гарагт эхэлжээ. Энэ жилийн бага хурлын гол сэдэв нь Украин дахь Оросын дайн байх юм. ОХУ-ын албан ёсны төлөөлөгчдийг 1990-ээд оны сүүлээс хойш анх удаа бага хуралд уриагүй байна. Зохион байгуулагчдынх нь хэлснээр, тус улсыг "суртал ухуулгын платформ"-оор хангахыг хүсээгүй байна.  Харин Оросын албаны хүмүүс уригдсан байсан ч Мюнхенд очихгүй байсан гэж мэдэгджээ. 


Бавари мужийн нийслэлд дэлхийн өнцөг булан бүрээс 40 гаруй төр, засгийн тэргүүн, 90 орчим сайд, мөн олон зуун улстөрч, шинжээчид ирэх төлөвтэй байна.



Связанные новости