“Умардын урсгал” хоолойд болсон дэлбэрэлтэд АНУ холбоотой гэх нийтлэлийг няцаав
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ВАШИНГТОН. /Reuters/. Оросын байгалийн хий дамжуулах "Умардын урсгал", "Умардын урсгал-2" хоолойд болсон дэлбэрэлтэд АНУ холбоотой гэх нийтлэлийг тус улсын эрх баригчид няцааж, “худал, зохиомол” гэж мэдэгджээ.
Эрэн сурвалжлах сэтгүүл зүйгээр мэргэшсэн, Америкийн нийтлэлч Сеймур Херш АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний шумбагчид 2022 оны зургаадугаар сард болсон “BALTOPS” тэнгисийн цэргийн сургуулилалтаар халхавчлан Оросын байгалийн хий дамжуулах “Умардын урсгал-1”, “Умардын урсгал-2” хоолойд тэсрэх төхөөрөмж тавьсан хэмээн эх сурвалжуудаас эш татан бичсэн нийтлэлээ хоёрдугаар сарын 8-нд нийтэлжээ. Уг нийтлэлд мөн энэхүү нууц ажиллагааг явуулах шийдвэрийг Ерөнхийлөгч Жо Байден гаргасан гэж бичсэн байна.
Эдийн засгийн онцгой бүсээр нь дайруулан тавьсан хоолойнуудад өнгөрсөн оны
есдүгээр сард болсон уг дэлбэрэлтийг Швед, Дани улсууд санаатай хорлон сүйтгэх ажиллагаа гэж дүгнэсэн боловч ард нь хэн байгаа талаар тайлбар хийгээгүй юм.
ОХУ-ын зүгээс Цагаан ордны
Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хэвлэлийн төлөөлөгч Эйдриен Ватсоноос тайлбар хүсэхэд С.Хершийн
бичсэн хувилбар бол “маш худал, зохиомол” гэж хариулжээ.
Цагаан ордон С.Хершийн блог хуудсыг лхагва гарагт хаасан байна.
С.Херш нь өмнө нь “New York Times” сонин, “New Yorker” сэтгүүлийн сурвалжлагч байсан бөгөөд Вьетнамын дайн, Иракийн дайны дараах 2004 оны дуулиант хэргийн талаар бичсэн нийтлэлүүд нь эрэн сурвалжлах сэтгүүл зүйн олон шагналыг хүртэж байжээ.