Хар тамхины мафийн эсрэг тусгай ажиллагааны явцад 1900 гаруй сэжигтнийг устгажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ
nyamtulga@montsame.mn
2016-08-23 19:02:57

БЭЭЖИН./TASS/. Филиппин улсад нэг хоногийн хугацаанд хар тамхи наймаалах хэрэгт холбоотой 137 сэжигнийг устгасан байна. Энэ тухай тус улсын Үндэсний цагдаагийн газрын дарга Роналдо де ла Роса парламентаас /Сенат/ тавьсан асуулгад хариулахдаа мэдэгдлээ.

Түүний мэдээлснээр, хар тамхины мафийнхантай тэмцэх кампанит ажиллагаа 7 дугаар сарын 1-нд эхэлснээс хойш нийт 1916 сэжигтнийг устгажээ. Тэднээс 750 нь цагдаа нарын явуулсан тусгай ажиллагааны явцад амиа алдсан бол бусад нь гэмт хэрэгтнүүдийн хооронд дэгдсэн мөргөлдөөний золиос болсон байна.

Түүнээс гадна, Филиппиний цагдаагийн 300 орчим ажилтан хар тамхины мафийнхантай холбоотой гэх үндэслэлээр хоригдон байцаагдаж байгаа ажээ. Эдгээр цагдаа нар хураан авсан хар тамхийг дамлан борлуулах зэргээр мафийнханд тусалж байсныг илрүүлсэн байна.

Ерөнхийлөгч Родриго Дутерте тэргүүтэй тус улсын эрх баригчид 7 дугаар сарын 1-нээс эхлэн хар тамхи борлуулдаг сүлжээг устгахын тулд өргөн хүрээтэй тусгай ажиллагаа явуулж байгаа юм. Цагдаагийн газрын дарга де ла Роса-гийн хэлснээр, тусгай ажиллагаа 6 сар орчмын хугацаанд үргэлжлэх ажээ.

Д.Нямтулга 

Связанные новости