Армени, Азербайжан улсууд сөргөлдөөнийг шийдвэрлэхдээ хүч хэрэглэхгүй байхаар тохиролцов
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
СОЧИ. /BBC/. Азербайжан, Армени, ОХУ-ын удирдагчид Сочи хотноо гурван талын уулзалт хийх үеэрээ Өмнөд Кавказын сөргөлдөөнийг шийдвэрлэхдээ хүч хэрэглэхгүй байхаар тохиролцжээ.
Гурван удирдагчийн уулзалтын дараа гаргасан мэдэгдэлд дурдсанаар, “талууд тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, хилийн халдашгүй дархан байдлыг харилцан хүлээн зөвшөөрсний үндсэн дээр" бүх маргааныг шийдвэрлэнэ. Мэдэгдэлд мөн Азербайжан, Армени улсуудын хооронд найрамдлын гэрээ байгуулахын чухлыг онцолжээ.
Армени, Азербайжаны хооронд 2020 оны дайнаас хойших хамгийн ширүүн мөргөлдөөн болсноос нэг сар хагасын дараа энэхүү тохиролцоонд хүрч байгаа юм.
"Бидний нийтлэг бодлоор энэ удаагийн уулзалт нь ирээдүйд байгуулах гэрээ хэлэлцээрүүдэд маш таатай уур амьсгалыг бий болгосон маш үр дүнтэй уулзалт боллоо" гэж Оросын Ерөнхийлөгч сэтгүүлчдэд мэдээлжээ.
“Найрамдлын гэрээний асуудлаар одоогоор тохиролцсон зүйл байхгүй байна. Энэ баримт бичгийн гол хэсгүүдийн талаар ярих нь эрт байна. Учир нь энэ нь харилцан буулт хийх сэдэв хэвээр байгаа тул хэлэлцэн тохирогч хоёр тал, тэр дундаа манай улс хүсвэл зуучлалаар хоёр тал тохиролцоонд хүрэх ёстой" гэж В.Путин гурван талын хэлэлцээний дараа хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр хэлжээ.
Гурван талын дээд хэмжээний уулзалтын өмнө В.Путин Арменийн Ерөнхий сайд Никол Пашинян, Азербайжаны Ерөнхийлөгч Ильхам Алиев нартай тус тусдаа уулзсан байна.
Хоёр дайн ба түр эвлэрэх оролдлого
Армени болон Азербайжан улс Уулын Карабахад 2020, 1990-ээд онд хоёр дайн хийжээ.
2020 оны намар зургаан долоо хоног үргэлжилсэн дайн Оросын зуучлалаар Ереван хэдэн арван жилийн турш хяналтдаа байлгаж байсан газар нутгийг тавьж өгсөн хэлэлцээ хийснээр дуусгавар болсон. Энэ дайнд хоёр талаас 6500 гаруй цэрэг амь үрэгджээ.
2022 оны есдүгээр сард хоёр улсын энх тайвны үйл явцыг аюулд оруулсан мөргөлдөөн болж, 280 гаруй хүн амиа алдсан эсвэл сураггүй болсон байна.
Есдүгээр сарын 14-нд Орос улсын түр эвлэрүүлэх гэсэн оролдлого бүтэлгүйтсэний дараа АНУ-ын зуучлалаар гал зогсоосноор байлдааны ажиллагаа дуусжээ.
Учир нь Москва дэлхийн тавцанд улам бүр тусгаарлагдаж байгаа тул Армени, Азербайжан хоорондын яриа хэлцээнд тэргүүлэх үүргийг АНУ, ЕХ гүйцэтгэсэн байна.
Наймдугаар сард Европын Зөвлөлийн дарга Шарль Мишель, Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон нар Брюссельд Арменийн Ерөнхий сайд Н.Пашинян, Азербайжаны Ерөнхийлөгч И.Алиев нарын хооронд хэлэлцээ зохион байгуулжээ.
Аравдугаар сарын 3-нд Вашингтон, Брюсселийн санаачилгаар дахин Армени, Азербайжаны Гадаад хэргийн сайд нар Женевт уулзаж, ирээдүйн найрамдлын гэрээний заалтуудыг боловсруулах эхлэлийг тавьсан байна.
Европын Холбоо мөн гал зогсоох хэлэлцээрийн хэрэгжилтэд хяналт тавих зорилгоор "ЕХ-ны иргэний элч төлөөлөгчд"-ийг Арменид илгээхээ мэдэгджээ.
Азербайжаны гол холбоотон Турк улс ч мөргөлдөөнийг зохицуулахад идэвхтэй хүчин чармайлт тавьж байна. Саяхан тус улсын Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган И.Алиев, Н.Пашинян нартай Прага хотод уулзжээ.