БНСУ, АНУ, Японы дипломатчид уулзжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2022-10-26 15:20:12

СӨҮЛ. /Yonhap/. БНАСАУ цөмийн туршилт явуулж болзошгүй байгаатай холбоотойгоор БНСУ, АНУ, Японы дипломатчид өнөөдөр бүс нутаг, олон улсын аюулгүй байдлын асуудлаар хэлэлцээ хийжээ.


БНСУ-ын Гадаад хэргийн дэд сайд Чо Хюн Дун, АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогч Венди Шерман, Японы Гадаад хэргийн дэд сайд Такэо Мори нар БНАСАУ-ын учруулж болзошгүй аюул заналыг даван туулах арга замын талаар хэлэлцэхээр Токио хотноо уулзсан байна.


Пёньян ойрын хугацаанд цөмийн туршилт явуулж, өдөөн хатгасан үйлдлээ үргэлжлүүлж магадгүй байгаа энэ үед талууд ийнхүү уулзжээ. Сөүлийн төлөөлөгчдийн мэдээлж буйгаар, БНАСАУ 2017 оны есдүгээр сараас хойших анхны цөмийн туршилт хийх бэлтгэлээ базаасан бололтой байна.


Талуудын өмнөх уулзалт энэ оны зургаадугаар сард Сөүл хотод болсон юм. Мягмар гарагт Чо Хюн Дун мөн В.Шермантай ганцаарчлан уулзаж, Вашингтоны үүрэг амлалтын талаар хэлэлцжээ. Тухайн өдөр Т.Моритой хийсэн уулзалтынхаа үеэр Чо Хюн Дун дайны үеийн хөдөлмөр эрхлэлттэй холбоотой маргаан болон бусад харилцан сонирхсон асуудлуудаар хэлэлцэж, яриа хэлэлцээгээ эрчимжүүлэхээр тохиролцжээ. 

Связанные новости