Бразилын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн саналын харьцаа тун ойролцоо байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2022-10-20 08:52:19

БРАЗИЛИА. /Reuters/. Бразилын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж буй зүүнийг баримтлагч, Ерөнхийлөгч асан Луис Инасиу Лула да Силва, барууныг баримтлагч, одоогийн Ерөнхийлөгч Жаир Болсонару нарын саналын зөрүү 4 хувьд хүрч ойртоод байгааг лхагва гарагт танилцуулсан санал асуулгын дүн харуулжээ.


Datafolha санал асуулгын хүрээлэнгийн мэдээлснээр, энэ сарын 30-нд ерөнхийлөгчийн сонгуулийн хоёрдугаар шатны санал хураалт болоход хоёр долоо хоног хүрэхгүй хугацаа үлдээд байгаа энэ үед санал асуулгад оролцогчдын 49 хувь нь Лула да Силваг, 45 хувь нь Ж.Болсонаруг дэмжиж байна. Таван хоногийн өмнө явуулсан санал асуулгын дүн 49, 44 хувьтай байжээ. 


Харин хамгийн сүүлд явуулсан санал асуулгын үр дүнгийн алдаа нэмэх, хасах 2 хувьтай байгааг тооны ухаанаар авч үзвэл саналын харьцаа 47 хувьд тэнцэх боломжтой гэсэн үг юм. Санал асуулгын дүнгээс үзэхэд сонгогчдын 94 хувь нь хэнд саналаа өгөхөө хэдийнээ шийдсэн байгаа нь нэр дэвшигчид үлдсэн зургаан хувийн төлөө өрсөлдөнө гэдгийг харуулж байна.


Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид өнгөрсөн ням гарагт мэтгэлцсэнээс хойш “Datafolha”-гaac явуулсан анхны санал асуулга энэ болсон юм. Мэтгэлцээний үеэр Ж.Болсонару 2003-2016 онд засгийн эрхийг барьсан, Лулагийн Ажилчны намын үеийн авлигын дуулианыг сануулжээ. 

Связанные новости