Японы Ерөнхий сайд Ясүкүни сүмд өргөл барьц илгээжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2022-10-17 15:20:35

ТОКИО. /Kyodo/. Японы Ерөнхий сайд Кишида Фүмио Азийн орнуудын хувьд милитаризмын бэлгэ тэмдэгт тооцогддог синто шашны Ясүкүни сүмд өргөл барьц илгээжээ. 


Тэрбээр Японы мөнх ногоон сакаки модны мөчрийг цагаан туузаар чимэглэсэн "масакаки" гэдэг бэлэг явуулсан байна. Эх сурвалжийн мэдээлснээр, Кишида сүмд өөрийн биеэр очихыг тэвчжээ. Учир нь ийм мөргөлийг Азийн орнууд, ялангуяа Хятад, БНСУ эрс шүүмжилдэг.


2013 онд Японы Засгийн газрын тэргүүн энэхүү сүмд биечлэн очиж байсан нь тухайн үед БНХАУ, БНСУ-ын эрх баригчдийн шүүмжлэлд өртөж, гурван орны харилцаа хурцдаж байв.


Японы улстөрчид жилд гурван удаа хавар, намрын тахилгын үеэр болон Дэлхийн II дайнд Япон улс бууж өгсөн өдөр буюу наймдугаар сарын 15-ны өдрийг тохиолдуулан Ясүкүни сүмд өргөл барьц илгээх эсвэл биечлэн очдог уламжлалтай.


Синто шашны уг сүмд XIX зууны дунд үеэс хойш байлдааны талбарт амь үрэгдсэн Японы бүх цэргийн нэрсийн жагсаалт хадгалагддаг. Уг жагсаалтад цэргийн гэмт хэрэгтэнд тооцогдож, Токиогийн шүүх хурлаар (1946-1948) цаазын ял авсан хүмүүсийн нэрс байдаг ажээ. Тиймээс Ясүкүни сүмд Японы албаны хүмүүс очих, өргөл барьц өргөх бүрд Дэлхийн II дайны үед Японы түрэмгийлэлд өртөж байсан Хятад, Өмнөд Солонгос зэрэг Азийн улс орнууд уг үйлдлийг Японы түрэмгийллийг зөвтгөсөн үйлдэл гэж үзэн эсэргүүцсээр иржээ. 


Связанные новости