"Эв нэгдлийн сүм"-ийн үйл ажиллагааг шалгах асуудлыг судлахыг үүрэг болгожээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ТОКИО. /Kyodo/. Японы олон нийтийн зүгээс үйл ажиллагааг нь хурцаар шүүмжилж байгаа “Эв нэгдлийн сүм” шашны байгууллагад шалгалт явуулах асуудлыг судлахыг тус улсын Ерөнхий сайд Кишида Фүмио Боловсрол, соёл, спорт, шинжлэх ухаан, технологийн сайддаа өнөөдөр даалгажээ.
Тэрбээр хэлэхдээ, “шалгалтын ажиллагааг шашны байгууллагын үйл ажиллагааны хуулийн дагуу явуулахыг хүсэж байна” гэжээ. Хариуд нь Боловсрол, соёл, спорт, шинжлэх ухаан, технологийн сайд Нагаока Кейко “үүрэг даалгаврыг даруй гүйцэтгэж эхлэхэд бэлэн байгаагаа мэдэгдсэн байна”.
Тус шашны байгууллагад хийсэн шалгалтын үр дүнгээс хамааран Японы эрх баригчид хийсэн залилан, нийгмийн эсрэг үйл ажиллагааных нь нотлох баримтыг өгөн сүмийг татан буулгах хүсэлтийг шүүхэд гаргах эрхтэй байна. Энэ нь татварын хөнгөлөлт, онцгой статусыг хасах боловч үйл ажиллагааг нь бүрэн хориглохгүй аж.
Фүмиогийн Засгийн газар ийм шалгалт явуулах саналд урьд нь болгоомжтой хандаж байсан боловч рейтинг нь унаж байгаатай холбогдуулан энэ асуудлын талаарх санал бодол нь өөрчлөгджээ. Японы хэвлэлүүдээс олон нийтийн дунд явуулсан санал асуулгаас харахад Сайд нарын танхимын дэмжлэгийн түвшин маш бага буюу 30 хувиас доошилж буурах хандлагатай байна.