Ливаны Ерөнхийлөгч Израилтай тэнгисийн хил тогтоох тухай гэрээг баталжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2022-10-14 15:48:09

БЕЙРУТ. /TASS/. Ливаны Ерөнхийлөгч Мишель Аун Израилтай тэнгисийн хил тогтоох тухай гэрээг баталжээ. Ингэхдээ тэрбээр энэ нь Израилтай харилцаагаа хэвийн болгоно гэсэн үг биш гэдгийг онцолсон байна.


Ливан, Израил 1948 оноос хойш дайны байдалтай байгаа бөгөөд зөвхөн тэнгисийн төдийгүй газар нутгийн маргаантай хуурай газрын хилийн асуудлаар тохиролцоонд хүрээгүй. Хоёр улс Газрын Дундад тэнгисийн зүүн хэсгийн 856 кв.км хэмжээтэй гүехэн устай хэсгийг булаалдаж байжээ. Энэ нь Ливаны Кана, Израилын Кариш орд газрын уулзварт оршдог байна. 


АНУ-ын зуучлалтайгаар бэлтгэсэн уг гэрээнд удахгүй гарын үсэг зурах гэж буйтай холбогдуулан Аун телевизээр үг хэлжээ. Тэрбээр уг баримт бичиг нь “Ливаны шаардлагад нийцэж байгаа бөгөөд байгалийн баялгийг эзэмших баталгаа олгож буйг” онцолсон байна. Энэ нь улс орны эдийн засгийг сэргээх үндэс суурийг тавина гэж Ливаны Ерөнхийлөгч найдаж байна.


“Ливан газрын тос олборлогч орон болж, ливанчуудын эв санааны нэгдэл, тэдний эрх ашгийг хамгаалах амлалтын ачаар нэгэн цагт мөрөөдөл байсан зүйл бодит байдал болж хувирна” гэж Мишель Аун хэлжээ. 


Түүний хэлснээр, хэлэлцээ “хүнд хэцүү байсан” бөгөөд Ливан улс хэлэлцээний явцад Изриалд ямар нэгэн томоохон буулт хийгээгүй байна. “Тэнгисийн хил тогтоох тухай хэлэлцээр нь харилцааг хэвийн болгоно гэсэн үг биш. Бид үүнийг бүрэн няцаасан бөгөөд Израилд нэг ч км газар өгөөгүй” гэж Аун нэмж хэлсэн байна. 


Дээрх гэрээг Израилын сайд нар 10 дугаар сарын 12-нд баталжээ. Хэдийгээр албан ёсны процедур нь дуусаагүй, хоёр тал хоёул гэнэтийн зүйлээс болгоомжилж байгаа боловч АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден ливан, израилчуудад “түүхэн гэрээ” байгуулсанд баяр хүргэжээ. 


НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш мөн Израил, Ливаны тэнгисийн хилийн асуудлаар байгуулсан хэлэлцээрийг сайшаагаад уг хэлэлцээр бүс нутагт илүү тогтвортой байдлыг бий болгоход хувь нэмэр оруулна гэдэгт найдаж байгаагаа илэрхийлсэн байна.

Связанные новости