Дэлхий даяар сармагчны цэцэг өвчний 70 мянга гаруй тохиолдол илэрчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
khulan@montsame.gov.mn
2022-10-13 09:08:25

ЖЕНЕВ. /AFP/. Дэлхий даяар сармагчны цэцэг өвчний тохиолдлын тоо 70 мянга давсан талаар Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ лхагва гарагт мэдээлээд, халдварын шинэ тохиолдлын тоо буурч байгаа ч сонор сэрэмжээ сулруулж болохгүй гэдгийг анхааруулжээ.


ДЭМБ-ын мэдээлснээр, өнгөрсөн долоо хоногт халдварын шинэ тохиолдлын тоо Америк тивийн хэд хэдэн оронд өссөн ч дэлхийн хэмжээнд халдварын шинэ тохиолдлын тоо буурсан нь тархалтын “хамгийн аюултай” үе байж болзошгүйг онцлон тэмдэглэсэн байна.


ДЭМБ-ын тэргүүн Тедрос Адханом Гебрейесус Швейцарын Женев хотноо болсон хэвлэлийн бага хурлын үеэр хэлэхдээ, энэ онд манай байгууллагад мэдээлсэн сармагчны цэцэг өвчний тохиолдлын тоо 70 мянга давж, 26 хүн нас барсан гэв.


“Дэлхийн хэмжээнд халдварын тохиолдлын тоо үргэлжлэн буурч байгаа ч өнгөрсөн долоо хоногт 21 оронд өссөний дийлэнх нь Америкийн орнууд байсан. Өнгөрсөн долоо хоногт илэрсэн нийт тохиолдлын 90 орчим хувь нь Америк тивд бүртгэгдсэн” гэж тэрбээр мэдээлжээ.


“Халдварын тохиолдлын тоо буурах нь тархалтын хамгийн аюултай үе байж болзошгүй. Учир нь ийм байдал нь бидэнд хүнд цаг үе дууссан мэт санагдуулж, сонор сэрэмжээ сулруулахад хүргэдэг” гэж ДЭМБ-ын тэргүүн ярьсан байна.


Түүний хэлснээр, ДЭМБ шинжилгээний хүчин чадлаа сайжруулах, халдварын нөхцөл байдлыг хянах чиглэлд нь улс орнуудтай хамтран ажиллаж байгаа ажээ.


“Суданд, тэр дундаа Этиопын хилийн ойролцоох дүрвэгсдийн хуранд халдварын тохиолдлууд илэрсэнд бид санаа зовниж байна. “COVID-19”-ийн нэгэн адил сармагчны цэцгийн тархалттай холбогдуулан олон улсын хэмжээнд онцгой байдал зарласан хэвээр байна” гэж тэрбээр хэлжээ.


Сармагчны цэцэг өвчний тохиолдол энэ оны тавдугаар сарын эхэн үеэс эндемик бус орнуудад ижил хүйстэн эрчүүдийн дунд бүртгэгдэж эхэлсэн юм. Өнөөдрийн байдлаар, Америк тивд халдварын 42 мянга гаруй тохиолдол, Европт 25 мянга орчим тохиолдол илэрчээ.


Энэ онд сармагчны цэцгийн тохиолдол ДЭМБ-ын 107 гишүүн гишүүн оронд илэрсэн ч тэдгээрийн 39-д нь сүүлийн 21 хоногт шинэ тохиолдол бүртгэгдээгүй байна.


Халдварын тохиолдлын тоогоор авч үзвэл, АНУ (26 723), Бразил (8147), Испани (7209), Франц (4043), Их Британи (3654), Герман (3640), Перу (2587), Колумби (2453), Мексик (1968), Канадад (1,400) хамгийн олон тохиолдол илэрчээ. Эдгээр оронд дэлхий даяар илэрсэн нийт тохиолдлын ойролцоогоор 87 хувь нь бүртгэгджээ.


ДЭМБ-д ирүүлсэн мэдээллээс үзэхэд, халдвар авсан хүмүүсийн 97 хувь нь эрэгтэйчүүд байгаа бөгөөд дундаж нас нь 35 байна, мөн 90 хувь нь ижил хүйстэнтэйгээ бэлгийн харьцаанд ордог эрэгтэйчүүд байгаагаас гадна 49 хувь нь ХДХВ-ээр халдварласан хүмүүс байна.


Сармагчны цэцгээр халдварласан тохиолдолд халуурах, булчин өвдөх, арьсан дээр тууралт гарах зэрэг шинж тэмдгүүд илэрдэг байна. 

Связанные новости