Саудын Арабад зэвсэг худалдахыг зогсоох хуулийн төслийг АНУ-ын Конгресст өргөн барина
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ВАШИНГТОН. /Politico/. Саудын Арабын эрх баригчид “ОПЕК+” бүлгийн хүрээнд газрын тосны олборлолтоо бууруулах шийдвэр гаргасантай холбогдуулан тус улсад Америкийн зэвсгийг худалдахыг түр зогсоох хуулийн төслийг мягмар гарагт АНУ-ын Конгрессын хоёр танхимд өргөн барих гэж байна.
Уг хуулийн төслийг Ричард Блюменталь (Коннектикут муж улсаас Конгресст сонгогдсон Ардчилсан намын гишүүн), Ро Ханна (Калифорни муж улсаас сонгогдсон Ардчилсан намын гишүүн) нар санаачилжээ.
“Өнгөрсөн долоо хоногт Саудын Араб ОХУ-тай үгсэн хуйвалдаж, “ОПЕК+” бүлгийн уулзалтаар газрын тосны олборлолтыг өдөрт 2 сая торхоор бууруулах шийдвэр гаргаснаараа хийн үнийг ОХУ-д ашигтай байдлаар өсгөсөн” гэж Америкийн хууль тогтоогчид “Politico” сонинд нийтлүүлсэн нийтлэлдээ бичжээ. “Саудын Арабын шийдвэр нь АНУ-д хоёрдмол утгагүй цохилт болсон боловч АНУ-д ч бас хариу арга хэмжээ бий бөгөөд Саудын Арабад маш их хэрэгтэй байдаг Америкийн цэргийн технологийг тэдний гарт их хэмжээгээр нийлүүлэх ажлыг түрдээ хурдан зогсоож чадна" гэж хууль тогтоогчид мэдэгдсэн байна.
“Тиймээс бид Саудын Арабад нийлүүлэх бүх зэвсгийн хангамжийг нэн даруй түр зогсоох талаар тусгасан хуулийн төслийг Сенат болон Төлөөлөгчдийн танхимд мягмар гарагт танилцуулна” гэж хууль тогтоогчид мэдээлжээ.
Өнгөрсөн долоо хоногийн лхагва гарагт “ОПЕК+” буюу Газрын тос экспортлогч улсуудын байгууллагын гишүүн орнууд болон гишүүн бус 11 орны төлөөлөгчид Вена хотноо биечлэн уулзахдаа, ирэх сараас эхлэн газрын тосны олборлолтоо өдөрт 2 сая торхоор бууруулахаар тохиролцсон юм. ОХУ болон Саудын Араб газрын тосны олборлолтоо наймдугаар сарын түвшинтэй харьцуулахад өдөрт 526 мянган торхоор бууруулж, өдөрт 10.478 сая торх болгож магадгүй гэж таамаглаж байна. “ОПЕК+” бүлгийн орнуудын газрын тосны нийт олборлолтын хэмжээ өдөрт 41.856 сая торх болно.