Киргизийн нутаг дэвсгэрт болох ХАБГБ-ын сургуулилалтыг цуцалжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
БИШКЕК. /TASS/. Киргиз улсын нутаг дэвсгэрт зохион байгуулах Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагын /ХАБГБ/ команд-штабын “Эвдэршгүй ахан дүүс-2022” сургуулилалтыг тус улсын Батлан хамгаалах яам цуцалжээ.
Киргизийн “24.kg” агентлагийн мэдээлснээр, сургуулилалтыг 10 дугаар сарын 10-14-ний хооронд "Эдельвейс" төвийн баазад хийхээр төлөвлөж байсан бөгөөд цуцлах болсон шалтгааныг БХЯ тодорхой дурдаагүй байна.
2012 оноос хойш зохион байгуулж буй уг сургуулилалтад Армени, Беларусь, Казахстан, ОХУ, Тажикистаны энхийг сахиулах хүчний бие бүрэлдэхүүн оролцох ёстой байв.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өмнө нь Киргизийн төрийн тэргүүн Садыр Жапаров, Тажикистаны Ерөнхийлөгч Эмомали Рахмон нартай утсаар ярьж, эдгээр улсын хилийн бүсийн байдлын талаар хэлэлцжээ. Тэрбээр мөргөлдөгч талуудад хилийн бүс нутагт аюулгүй байдал тогтооход ОХУ туслахад бэлэн байгааг илэрхийлсэн байна.
Киргиз, Тажикистаны хоорондох нөхцөл байдал есдүгээр сарын 14-нд хурцадсан юм. Тухайн үед Киргизийн Баткен мужийн Булак-Башы тосгоны орчимд хоёр улсын хилчдийн хооронд буудалцаан болжээ. Киргиз, Тажикистаны хооронд мөргөлдөөн үүсэж байгаатай холбогдуулан ХАБГБ асуудлыг дипломат аргаар зохицуулж, энхийн хэлэлцээ хийхийг уриалсан байна.