Их Британийн хатан хааныг VI Георгийн сүмд оршуулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2022-09-20 09:08:01

ЛОНДОН. /Anadolu/. Их Британийн хатан хаан II Элизабетыг Виндзорын шилтгээний нутаг дэвсгэрт орших VI Георг хааны дурсгалын сүмд түүний нөхөр Эдинбургийн бэйс Филипийн дэргэд оршууллаа гэж Букингемийн ордон даваа гаргийн орой мэдэгджээ. 


Их Британийн хатан хааныг оршуулах ёслолд зөвхөн түүний ойрын төрөл төрөгсөд оролцож, хэвлэлийнхэнд хаалттай болсон байна. 


Даваа гаргийн өглөө хатан хааны шарилыг дөрөв хоногийн турш хатан хаантай олон нийтийн салах ёс гүйцэтгэх ёслол болсон Вестминстерийн ордноос Вестминстерийн сүмд хүргэжээ. 


Лондон хот дахь Вестминстерийн сүмд болсон оршуулах ёслолд хатан хааны хүүхдүүд болох Их Британийн хаан III Карл, гүнж Анна, хунтайж Эндрю, хунтайж Эдвард түүнчлэн хааны гэргий хатан хаан Камилла, Уэльсийн хунтайж Уильям болон түүний гэргий Уэльсийн гүнж Кейт, Суссексийн бэйс, хунтайж Харри, түүний гэргий Меган Маркл болон хатан хааны гэр бүлийн бусад гишүүд оролцжээ. 


Хатан хаантай салах ёс гүйцэтгэх ёслолд 2000 орчим зочин оролцсон байна. Тэдний дунд АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, түүний гэргий Жил Байден, Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон, Австралийн Ерөнхий сайд Энтони Альбанезе, Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо, Польшийн Ерөнхий сайд Матеуш Моравецкий, Италийн Ерөнхийлөгч Сержио Маттарелла, Ирландын Ерөнхийлөгч Майкл Хиггинс, Украины Ерөнхийлөгчийн гэргий Елена Зеленская зэрэг дэлхийн 500 орчим удирдагч, өндөр албан тушаалтнууд байв. 


Түүнчлэн Их Британийн Ерөнхий сайд асан хүмүүс оролцжээ. Монгол Улсаас Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцсон бол Туркийг Гадаад хэргийн сайд Мевлют Чавушоглу төлөөлөн оролцсон байна. 


Ёслолын дараа орон даяар хоёр минут дуугүй зогсон, хатан хаанд хүндэтгэл үзүүлжээ. 


Улс орноо 70 жил удирдсан Их Британийн хатан хаан II Элизабет есдүгээр сарын 8-нд 96 насандаа таалал төгссөн билээ.

Тус улсын шинэ хаанаар түүний том хүү хунтайж Чарльз өргөмжлөгдсөн бөгөөд одооноос түүнийг III Карл гэж нэрлэх юм. 


Хатан хаан II Элизабетын үед 1874 онд төрсөн Уинстон Черчиллиэс эхлээд одоогийн Засгийн газрын тэргүүн Лиз Трассыг оруулаад 15 Ерөнхий сайд солигджээ. 



Связанные новости