Улаанбаатар-Өндөрхаан чиглэлийн замд болгоомжтой зорчихыг сануулж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬУлаанбаатар-Өндөрхаан чиглэлийн улсын чанартай авто замын 143км-т байрлах Хэрлэнгийн гүүр орчмын далангийн хөвөө угаагдаж, гулсаж болзошгүй болсон байна.
Иймээс осол аваар гарч болзошгүй нөхцөл үүссэн замын чиглэлийг зорих жолооч, тээвэрчид замын хажууд түр зогсолт хийхдээ анхаарах, орой үдшийн цагаар үзэгдэх орчин хязгаарлагдмал үед болгоомжтой зорчих, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж явахыг албаныхан анхааруулж байна.
Мөн Өвөрхангай аймгийн Хужирт-БатӨлзий чиглэлд борооны улмаас замын нөхцөл шавар ихтэй болсон тул тээврийн хэрэгсэл саатаж болзошгүй болжээ. Түүнчлэн Булган аймгийн Тэшиг сумын Харгал багийн нутаг “Эгийн гол”-ын усны түвшин ихэссэнээс гүүрний 2 талын үерийн далан сэтэрч машин, хүн зорчих боломжгүй болсныг засан сэргээж байна. Онцгой байдлын албаны долоон албан хаагч, хоёр техник хэрэгсэлтэйгээр ажиллаж Эгийн голоор нийт 65 хүнийг завиар зөөвөрлөн гол гаргажээ.
Ойрын өдрүүдэд үргэлжлэн орсон борооны улмаас орон нутгийн зарим замд эвдрэл гарч, шороо чулуу орох зэрэг тохиолдол ихээр гарч байгааг жолооч нарт анхааруулж байна.
Н.Туяа