Монгол-АНУ-ын стратегийн түншлэлийн тухай хамтарсан мэдэгдэл
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ВАШИНГТОН. /US Department of State/. АНУ, Монгол Улсын Засгийн газар хоёр талын ээлжит зөвлөлдөх уулзалтын үр дүнд дараах хамтарсан мэдэгдлийг гаргалаа.
Монгол-АНУ-ын стратегийн
түншлэлийг улам бэхжүүлэх үүднээс хоёр талын төлөөлөгчид Улаанбаатар хотноо наймдугаар
сарын 24-ний өдөр XV зөвлөлдөх
уулзалт, мөн анхны Стратегийн яриа хэлэлцээ хийлээ. Стратегийн яриа хэлэлцээний
үеэр хоёр орон хоёр талын харилцааны өнөөгийн байдал, бүс нутгийн сорилтууд, өргөн
хүрээний асуудлын хүрээнд гаргасан хамтарсан ололт амжилтын талаар хэлэлцлээ.
Монголын талаас Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр, АНУ-ын талаас Төрийн департаментын Зүүн Ази, Номхон далайн орнуудын асуудал хариуцсан Туслах төрийн нарийн бичгийн дарга Д.Критенбринк нарын тэргүүлсэн яриа хэлэлцээнд Батлан хамгаалах яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Сангийн яам, Эрчим хүчний яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Монгол банк, АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Батлан хамгаалах яам, Олон улсын хөгжлийн агентлаг, Мянганы сорилтын корпорацийн төлөөлөгчид оролцов.
Монгол, АНУ-ын талууд олон улсын маргаантай асуудлуудыг тайван замаар, НҮБ-ын дүрэм, олон улсын хууль тогтоомж, тэр дундаа улс орнуудын бүрэн эрх, тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэх зарчмуудын дагуу, аюул занал, хүч хэрэглэхгүйгээр шийдвэрлэх хэрэгтэйг дахин нотлов. Үүний зэрэгцээ Украины ард түмэнд санаа зовниж буйгаа хоёр тал илэрхийллээ.
Хоёр орон мөн дэлхийн улс орнууд цар тахлын дараа дэлхийн эдийн засгийг сэргээх, тэр дундаа нийлүүлэлтийн сүлжээнд үүсээд буй саатал тасалдлыг даван туулахын тулд хамтран ажиллах ёстойг онцолсны сацуу НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтуудад хүрэхийн тулд олон улсын хамтын нийгэмлэг нэгдэх ёстойг нотлов.
АНУ, Монгол Улсын Засгийн газар 2022 онд хоёр орон дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ой тохиож буйг цохон тэмдэглээд, стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлж, харилцан сонирхсон бүх салбарт харилцаагаа өргөжүүлэн хөгжүүлэх, мөн АНУ-ын Олон улсын хөгжлийн санхүүгийн корпораци зэрэг одоо байгаа болон шинэ механизмаар дамжуулан эдийн засгийн хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх боломжуудыг судлах эрмэлзэлтэй байгаагаа дахин нотолжээ. Түүнчлэн хоёр улсын хооронд шууд нислэг үйлдэх, эдийн засаг, ард иргэд хоорондын харилцааг улам өргөжүүлэхэд чухал алхам болсон “Нээлттэй тэнгэр”-ийн гэрээний хэлэлцээг эхлүүлсэнд хоёр тал сэтгэл хангалуун байна. Мөн Монгол Улсад илүү их хэмжээний хөрөнгө оруулалт оруулахын тулд Монгол-АНУ-ын Ил тод байдлын хэлэлцээрийг бүрэн хэрэгжүүлэх замаар Монголын бизнесийн орчныг сайжруулахын чухлыг талууд онцоллоо.
Хоёр орон сэргээгдэх эрчим хүч, хүнс, дижитал худалдаа, аюулгүй байдлын чиглэлд түлхүү анхаарал хандуулан Монгол Улсын эдийн засгийг хөгжүүлэх, төрөлжүүлэх, дижиталжуулах, эдийн засгийн бие даасан байдлыг хангах төслүүд дээр хамтран ажиллах боломжийн талаар хэлэлцэв. Тодруулбал, хоёр тал Улаанбаатар хотын усан хангамжийг 80 гаруй хувиар нэмэгдүүлэх 462 сая ам.долларын өртөг бүхий Мянганы сорилтын корпорацийн Усны компакт гэрээний хэрэгжилтийн ахиц дэвшил зэрэг хамтарсан хөгжлийн хөтөлбөрүүдийн талаар хэлэлцлээ. Хоёр тал төслийг 2026 онд хэрэгжүүлэхийн төлөө санхүүжүүлэн, дэмжлэг үзүүлэхээ амласан байна. Мөн ардчилал, сайн засаглалыг бэхжүүлэх, жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, цэвэр, үр ашигтай эрчим хүчний менежментийг сайжруулах, “COVID-19” цар тахлын эсрэг хариу арга хэмжээ авах чиглэлээр төсөл хэрэгжүүлж буй АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн үйл ажиллагаа өсөн нэмэгдэж байгааг яриа хэлэлцээний үеэр онцоллоо. Түүнчлэн Монгол Улсад Энх тайвны корпус үүсэж хөгжсөний 30 жилийн ой тохиож байгаагийн зэрэгцээ Энх тайвны корпусын сайн дурынхны үйл ажиллагааг цар тахал дэгдсэнээс хойш түр завсарлуулаад байсныг сэргээж буйг тэмдэглэлээ.
Хоёр тал батлан хамгаалах, аюулгүй байдлын салбарт амжилттай хамтран ажиллаж, ялангуяа олон улсын энхийг сахиулах ажиллагааг дэмжих чиглэлд гаргаж буй хамтын хүчин чармайлтыг сайшаагаад, хамтын ажиллагаагаа улам гүнзгийрүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлэв. Мөн хууль сахиулах байгууллагуудын хамтын ажиллагаа өргөжин хөгжиж, АНУ-аас Монгол Улсад хууль дээдлэх ёсыг бэхжүүлэхэд чиглэсэн хүчин чармайлт, тэр дундаа хууль сахиулах, хууль зүйн салбарын чадавхийг бэхжүүлэхэд 5 сая ам.доллар, Монголын эрх баригчдад хүүхдийг хүчирхийлэл, хүний наймаанаас хамгаалахад 5.5 сая ам.долларын дэмжлэг үзүүлэх Хүүхэд хамгааллын түншлэлийн компакт гэрээ зэргийн талаар хэлэлцэв. Түүнчлэн Монгол Улсын соёлын үнэт эд зүйлсийг хууль бусаар худалдаалах, АНУ-д нэвтрүүлэхээс хамгаалах хамтарсан зохицуулалт хийх боломжийг судалж, тус зорилгод хүрэх хууль хэрэгжүүлэх механизмыг тодорхойлохоор хоёр тал шийдвэрлэлээ. Мөн харилцан сонирхсон консулын асуудлуудын талаар санал солилцов.
Хоёр орон ардчиллын зарчим, хувь хүний эрх чөлөө, хууль дээдлэх ёсыг бэхжүүлэх, сайн засаглалыг тогтоох, авлигатай тэмцэх, хүний эрхийг хамгаалах, шашин шүтэх эрх чөлөөг эрхэмлэн дээдлэхийн төлөөх үүрэг амлалтаа онцлоод, цаашид хоёр улс эдгээр чиглэлд уялдаа холбоогоо бэхжүүлэх эрмэлзэлтэй байгаагаа мөн илэрхийлэв.
Монгол Улс, АНУ хоёр талын өндөр дээд түвшний харилцан айлчлалын давтамжийг хадгалж, хоёр талын ээлжит зөвлөлдөх уулзалтыг 2023 онд Вашингтон хотноо хийхээр тохиролцлоо.