Ж.Болсонару Бразилын ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2022-07-25 12:44:59

РИО-ДЕ-ЖАНЕЙРО. /RIA Novosti/. Бразилын одоогийн Ерөнхийлөгч Жаир Болсонару ирэх 10 дугаар сард болох ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлж буйг тус улсын Либерал нам ням гарагт албан ёсоор зарлажээ. 


Дээрх арга хэмжээ Рио-де-Жанейро хотын хойд хэсэгт болж, Ж.Болсонару гэргий Мишелийн хамт дэмжигчиддээ хандаж үг хэлсэн байна. Ерөнхийлөгчийн үг 1 цаг 9 минут үргэлжилжээ. Тэрбээр авлига, мансууруулах бодисны наймаатай хийж буй тэмцэл, бэлгийн боловсролын асуудал, үр хөндөлтийг хуульчлах зэрэг сэдвүүдийг хөндөж, улс орныхоо Үндсэн хуулийг хүндэтгэж, хэвлэлийн эрх чөлөөг баталгаажуулахаа амласан байна. Болсонару мөн хөдөө аж ахуйн салбарыг бордооны хомсдолд оруулахгүйн тулд ОХУ-тай түншлэхийг эрмэлзэж буй Засгийн газрынхаа ажлыг онцолсон байна. 


Харин Бразилын социалистуудын эвсэл болох “Бразилын итгэл найдварын холбоо" тус улсын удирдагч асан Луис Инасио Лулу да Силваг өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт албан ёсоор нэр дэвшүүлжээ. Өдгөө 76 настай Лула да Силва нь 2003-2010 онд Бразил улсыг удирдаж байсан юм. 2017 оны долоодугаар сард да Силва авлига, мөнгө угаасан хэрэгт буруутай нь тогтоогдож, 19 сар шоронд хоригдсоныхоо дараа 2019 оны 11 дүгээр сард суллагдсан байна. 2021 оны гуравдугаар сард Бразилын Дээд шүүх түүний эсрэг үүсгэсэн бүх хэргийг хэрэгсэхгүй болгожээ.


Бразилчууд Ерөнхийлөгч, депутатууд болон парламентынхаа Сенатын танхимын гишүүдийн гуравны нэгийг, түүнчлэн мужийн захирагч нарыг сонгох бүх нийтийн сонгууль 10 дугаар сарын 2-нд болно. Хэрэв нэр дэвшигчдийн хэн нь ч 50-иас дээш хувийн санал авахгүй бол хоёр дахь шатны сонгуулийг аравдугаар сарын 30-нд явуулна. 


Связанные новости