БНАСАУ-тай холбоотой асуудалд эн тэргүүний ач холбогдол өгөхөөр тохиролцжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2022-06-15 09:05:14

ВАШИНГТОН. /Yonhap/. БНСУ, АНУ БНАСАУ-аас учирч буй сорилтуудыг нэн даруй зохицуулах шаардлагатай байгаад санал нэгдсэн талаар БНСУ-ын Гадаад хэргийн сайд Пак Жин мягмар гарагт мэдэгджээ.


Пак Жин, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен нар мөн БНСУ-ын тогтоон барих хүчийг бэхжүүлэхийн ач холбогдлыг цохон тэмдэглэсэн байна.


“БНАСАУ цөмийн долоо дахь туршилтаа явуулах, тактикийн цөмийн зэвсэг ашиглах зэрэгтэй холбоотой асуудлууд анхаарал татаад байгаа өнөөгийн ноцтой нөхцөлд бид тус улстай холбоотой асуудлыг БНСУ, АНУ-ын аль алиных нь бодлогын тэргүүлэх чиглэл болгохоор тохиролцлоо” гэж Пак Жин сэтгүүлчдэд мэдээлжээ.


Өнгөрсөн сараас БНСУ-ын Гадаад хэргийн сайдын албан тушаалыг хашиж эхэлсэн тэрбээр Э.Блинкентэй даваа гарагт анх удаагаа уулзсан байна. Энэхүү уулзалтын дараа хийсэн хамтарсан хэвлэлийн бага хурлын үеэр талууд БНАСАУ цөмийн туршилт хийх бүх бэлтгэлээ базаасан байж болзошгүй бөгөөд одоо зөвхөн эрх баригчдын шийдвэрийг хүлээж байж магадгүй гэдгийг онцолжээ.


БНАСАУ цөмийн зургаа дахь туршилтаа 2017 оны есдүгээр сард явуулж байсан юм. Тус улс энэ он гарсаар баллистик пуужингийн наад зах нь 31 туршилт хийгээд байгаа бөгөөд энэ нь нэг жилийн дотор хамгийн олон ийм пуужин харвасан тохиолдол нь болж байгааг Америкийн холбогдох албаны төлөөлөгчид мэдээлээд байна.


Даваа гарагт Пак Жиний мэдээлснээр, талууд тогтоон барих өргөтгөсөн хэрэгслийн талаарх стратегийн яриа хэлэлцээгээ аль болох ойрын хугацаанд сэргээхээр тохиролцжээ. Э.Блинкений хувьд уг хэлэлцээ “ойрын долоо хоногуудад” явагдаж магадгүйг нотолсон байна.


БНСУ-ын Гадаад хэргийн сайд мөн холбоотнууд БНАСАУ-тай яриа хэлэлцээ хийхэд нээлттэй хэвээр байгаа гэдгийг давтан мэдэгджээ. Тэд мөн БНАСАУ дахь “COVID-19”-ийн тархалтын талаар хэлэлцэж, халдварыг хяналтад авахад нь тусламж үзүүлэхэд бэлэн байгаагаа дахин нотолсон байна.


БНАСАУ 2019 оны сүүлээс БНСУ, АНУ-тай яриа хэлэлцээ өрнүүлэхээс зайлсхийх болсон бөгөөд АНУ-ын хэлэлцээ хийх саналд хариу өгөөгүй хэвээр байгаа талаар Э.Блинкен өмнө нь мэдэгджээ. 

Связанные новости