БНСУ, АНУ өндөр түвшний дипломат хэлэлцээ хийжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2022-06-07 11:20:12

СӨҮЛ. /Yonhap/. БНСУ, АНУ-ын засаг захиргааны өндөр албан тушаалтнууд мягмар гарагт БНАСАУ болон эвсэлтэй холбоотой асуудал хэлэлцжээ. Хоёр орны төрийн тэргүүн нар Сөүл хотноо хоёр долоо хоногийн өмнө дээд хэмжээний уулзалт хийх үеэрээ Сөүл-Вашингтоны харилцааг “Дэлхийн иж бүрэн стратегийн эвсэл” болгон ахиулахаар тохиролцсон юм.


БНАСАУ Зүүн тэнгис рүү ойрын зайн тусгалт найман баллистик пуужин харваснаас хоёр хоногийн дараа БНСУ-ын Гадаад хэргийн дэд сайд Чо Хюн Дун, АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогч Венди Шерман нар ийнхүү уулзсан байна. Энэ нь Юн Сок Ёлын засаг захиргаа үйл хэргээ эхлүүлснээс хойших тэдний анхны нүүр тулсан хэлэлцээ болжээ.


Чо Хюн Дун, В.Шерман нар Сөүл хотноо лхагва гарагт дахин уулзахаар төлөвлөж байгаа бөгөөд Японы Гадаад хэргийн дэд сайд Такэо Моритой гурван талын уулзалт хийх ажээ. Тэд хамгийн сүүлд АНУ-ын нийслэл Вашингтон хотноо өнгөрсөн оны 11 дүгээр сард уулзсан билээ. 

Связанные новости