Доройтсон бэлчээрийн 50 хувийг нөхөн сэргээхийг уриалав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2022-06-03 15:25:30

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Стокхолм хотноо болсон байгаль орчны асуудлаарх “Стокхолм+50” олон улсын бага хурлын хүрээнд Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр, Олон улсын байгаль хамгаалах холбоо (IUCN), Дэлхийн байгаль хамгаалах холбоо (WWF), Бэлчээрийн болон нүүдлийн мал аж ахуйн олон улсын жилийн Олон улсын дэмжигчдийн бүлэг (IYRP) хамтран тусгай хурал зохион байгуулав.


“Биологийн төрөл зүйл, уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар авах яаралтай арга хэмжээ: Байгальд суурилсан ирээдүйтэй шийдэл болох тал хээр, бэлчээрийн нөхөн сэргээлт” сэдвийн дор болсон энэхүү хуралд Испанийн Экологийн шилжилтийн яамны Газар ба далайн биологийн олон янз байдлын газрын дэд захирал Ф.М.Мас илтгэл тавива. Мөн бэлчээрийн ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийг төлөөлж Өмнөговь аймгийн Ханхонгор сумын малчин, Дэлхийн нүүдэлчин уугуул иргэдийн холбооны Төв Ази дахь төлөөлөгч С.Мааманхүү, Дэлхийн цаа бугын малчдын холбоог төлөөлж А.Озкар болон Нодде Ноото бэлчээрийн холбооны төлөөлөгч Х.Абарчи нар илтгэл танилцууллаа.


Хурлын дүнд 2030 он гэхэд доройтсон бэлчээрийн 50 хувийг нөхөн сэргээх, бэлчээр хамгаалах олон улсын платформ байгуулах, бэлчээр нутагт сэргээгдэх эрчим хүчний байгууламж байгуулахдаа харилцан ашигтай байх зарчмыг баримтлахыг талуудад уриалав. Монгол Улс НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганаар “Бэлчээрийн болон нүүдлийн мал аж ахуйн олон улсын жилийг 2026 онд тэмдэглэх тухай” тогтоол батлуулсны хувьд энэхүү хурлыг зохион байгуулсан нь чухал ач холбогдолтой болов.

Связанные новости