Өнгөрсөн сард Хятадын инфляцын түвшин 2.1 хувьтай гарчээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
БЭЭЖИН. /Xinhua/. БНХАУ-д инфляцын түвшний гол үзүүлэлт болох хэрэглээний үнийн индекс дөрөвдүгээр сард жилийн дунджаас 2.1 хувиар өссөн үзүүлэлттэй гарчээ.
Тус улсын статистикийн газрын цахим хуудсанд мэдээлснээр, өнгөрсөн сард хотуудад үнэ жилийн дундаж үзүүлэлтээс 2.2 хувиар, хөдөө орон нутагт 2 хувиар өссөн байна. Хүнсний бүтээгдэхүүний үнэ өнгөрсөн оны дөрөвдүгээр сарынхтай харьцуулахад 1.9 хувиар, хүнсний бус бараа 2.2 хувиар, өргөн хэрэглээний барааны үнэ 3 хувь, үйлчилгээний үнэ 0.8 хувиар тус тус өсжээ.
Дөрөвдүгээр сард шинэ ногооны үнэ жилийн дунджаас 24 хувиар, жимс жимсгэнэ 14.1 хувь, өндөг 12.1 хувиар өссөн байна. Үүний зэрэгцээ махны үнэ 19.6 хувиар буурсан бол Хятадын хэрэглээний сагсны гол бүтээгдэхүүнүүдийн нэг болох гахайн мах жилийн дунджаас 33.3 хувиар буурчээ.
Зам тээвэр, харилцаа холбооны салбарын үйлчилгээний үнэ өнгөрсөн сард 6.5 хувиар, боловсролын салбарынх 2 хувь, соёл урлаг, үзвэр үйлчилгээний салбарынх 1.7 хувиар өсжээ. Эрүүл мэндийн үйлчилгээний өртөг өнгөрсөн оны дөрөвдүгээр сартай харьцуулахад 0.7 хувиар өссөн байна.
Албан ёсны мэдээллээр, Хятадын хэрэглээний үнийн индекс 2020 онд 2.5 хувь, өнгөрсөн онд 0.9 хувь байжээ. Харин энэ онд инфляцын түвшний үзүүлэлт 3 хувь байна гэж таамаглаж байна.