Н.Моди, Э.Макрон нар хэлэлцээ хийжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ШИНЭ ДЕЛИ. /TASS/. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди, Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон нар лхагва гарагт хэлэлцээ хийх үеэрээ хоёр талын хамтын ажиллагааны гол асуудлууд, тэр дундаа батлан хамгаалах, сансар судлалын салбарын хамтын ажиллагааг дэлгэрэнгүй хэлэлцжээ.
Энэ тухай Энэтхэгийн Гадаад хэргийн тэргүүн дэд сайд Винай Мохан Куатра хоёр улсын удирдагчдын уулзалтын дараа хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр сэтгүүлчдэд мэдэгдэв.
“Удирдагчид батлан хамгаалах, сансар судлал, цөмийн энергийг энхийн зорилгоор ашиглах хамтын ажиллагаа, хоёр улсын ард иргэд хоорондын харилцан ойлголцлыг бэхжүүлэх зэрэг хоёр талын хамтын ажиллагааны бүх гол асуудлыг дэлгэрэнгүй хэлэлцлээ” гэж Куатра хэлсэн байна.
Түүний хэлснээр, Моди, Макрон нар мөн Энэтхэг-Номхон далайн бүс нутгийн байдлын талаар хэлэлцжээ.
“Хоёр удирдагчийн хэлэлцээ бидэнд Энэтхэг-Францыг хамтын ажиллагааны одоо байгаа давуу тал, амжилтад түшиглэх боломжийг олгоно” гэж Энэтхэгийн дипломатч дүгнэн хэлсэн байна.
Энэтхэгийн Ерөнхий сайд Н.Моди Европын Холбооны хэд хэдэн оронд хийсэн айлчлалаа Парист Францын Ерөнхийлөгч Э.Макронтой хэлэлцээ хийснээр өндөрлөжээ.