“Газпром” Польш, Болгар руу хий нийлүүлэхээ зогсооно
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ВАРШАВ. /DW/. Польш улс Оросын төрийн мэдлийн эрчим хүчний “Газпром”
компаниас хийн нийлүүлэлтээ зогсоох төлөвлөгөөний талаар мэдэгдэл хүлээн авсан
талаар Польшийн Ерөнхий сайд Матеуш Моравецкий мягмар гарагт мэдэгджээ. Тэрбээр
Германы Канцлер Олаф Шольцтой Берлин хотноо уулзсаныхаа дараа ийнхүү мэдэгдсэн
байна.
“Бид “Газпром” компаниас хийн нийлүүлэлтээ зогсоох мэдэгдэл хүлээн авлаа” гэж М.Моравецкий хэлжээ.
Мөн Орос улс Польшийг “сүрдүүлэхийг” оролдож байж магадгүй хэмээн
хэлсэн хэдий ч Польш эрчим хүчний эх үүсвэрүүдээ төрөлжүүлэхээр бэлтгэж байгааг
цохон тэмдэглэжээ. Түүнчлэн хийн хадгалах байгууламжууд 76 хувийн дүүргэлттэй
байгааг хэлсэн байна.
Польшийн Уур
амьсгалын асуудал хариуцсан сайд Анна Москва ч мөн Польшийн өрхүүдэд хийн
хомсдол үүсэхгүй гэдгийг мэдэгджээ. Мөн Польшийн байгалийн хийн “PGNiG” компани лхагва гаргаас эхлэн “Газпром”
Ямалийн хийн хоолойгоор Польш руу хий нийлүүлэхээ зогсооно гэж мэдээлсэн байна.
Тус компани
мэдэгдэлдээ нөхцөл байдлыг анхааралтай ажиглаж байгаагаа онцлоод, “эрчим хүчний
эх үүсвэрүүдийг төрөлжүүлэх Засгийн газрын стратегийн” ачаар бусад холболтоос
хий нийлүүлэн авахад бэлэн гэдгээ дурджээ.
Мөн мягмар гарагт
Болгарын Эрчим хүчний яам төрийн мэдлийн хийн “Булгаргаз” компанид “Газпром"-оос ижил мэдэгдэл ирүүлсэн талаар мэдээлсэн байна. Үүнтэй холбогдуулан тус яам хийн өөр
нийлүүлэлтийн талаар арга хэмжээ авахаа мэдэгдэхийн сацуу одоогоор хийн
хэрэглээг хязгаарлах шаардлагагүй хэмээн мэдээлжээ.