Хүнсний баталгаагүй байдлын хямрал ирэх жилийг дамнан үргэлжилж магадгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2022-04-21 15:09:59

ВАШИНГТОН. /Xinhua/. Орос-Украины дайны улмаас хүнсний үнэ өсөж, улмаар ядуу буурай орнуудад хамгийн хүндээр тусах төлөвтэй байгааг Дэлхийн банкны тэргүүн Дэвид Малпасс лхагва гарагт мэдэгдээд, хүнсний баталгаагүй байдлын хямрал хэдэн сараар, цаашлаад ирэх жилийг дамнан үргэлжилж болзошгүйг анхааруулжээ.


“Дайн хийгээд түүний үр дагавар нь дэлхий даяарх ядуу хүн амд дарамт учруулж байна” гэж Д.Малпасс Олон улсын валютын сан, Дэлхийн банкны 2022 оны хаврын чуулга уулзалтын үеэр болсон цахим хэвлэлийн бага хурлын үеэр хэлсэн байна. Мөн хүнс, эрчим хүчнээс гадна газар тариаланд амин чухал ач холбогдолтой бордооны хомсдол нь наад зах нь хэдэн сараар, цаашлаад ирэх жилийг дамнан үргэлжлэх хүнсний баталгаагүй байдлын хямралыг бий болгож байна гэж Д.Малпасс ярьжээ.


“Хүнсний асуудал хүнд байна... үнэ хамгийн ядуу бүлэгт хүндээр тусна, улмаар ядуу буурай орнуудын иргэдэд нөлөөлнө, ялангуяа хөдөө орон нутгийн бүсүүдэд илүү хүндээр нөлөөлөх байна” гэж Дэлхийн банкны тэргүүн “Xinhua” агегтлагийн асуултад хариулах үеэрээ хэлсэн байна. Гэхдээ дэлхий нийт хүнсний их хэмжээний нөөцтэйгээр хүнсний баталгаагүй байдлын энэ мөчлөгт шилжиж байгааг тэрбээр онцлоод, нөөцийг чөлөөлснөөр ахиц гарна гэж бодож байгаагаа ярьжээ. Мөн энэхүү ажиллагааг эрт эхлүүлэхийн ач холбогдлыг тэмдэглэн хэлсэн байна.


Д.Малпассын хэлснээр, мягмар гаргийн уулзалтын үеэр хүнсний аюулгүй байдлын талаар “дорвитой” хэлэлцүүлэг өрнөсөн хэдий ч тэрбээр энэ асуудлаар олон улсын хэлэлцээрт хүрнэ гэж үзэхгүй байгаа ажээ. Тэрбээр үргэлжлүүлэн, “Хүнс, бордооны хямралыг зохицуулахын тулд улс орнууд бие даасан шийдлийг олно гэдэгт найдаж байна” гэв. Хэвлэлийн бага хурлын үеэр Д.Малпасс мөн Дэлхийн банк ирэх 15 сарын хугацаанд 170 тэрбум ам.долларын санхүүжилтийг хямралыг даван туулахад зориулахаар төлөвлөж байгааг мэдээлжээ. Вакцины тухайд, тус байгууллага зургаадугаар сарын эцэс гэхэд 81 орны вакцинжуулалтын хөтөлбөрт 11 тэрбум ам.доллар зориулах амлалт өгсөн байна. 

Связанные новости