Хятадтай байгуулсан гэрээгээ бүс нутгийн орнуудтай хэлэлцэхийг Соломоны арлуудад уриалжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
СИДНЕЙ. /TASS/. Шинэ Зеланд улс Соломоны арлуудын эрх баригчдад хандан БНХАУ-тай энэ сарын 19-нд байгуулсан аюулгүй байдлын гэрээний талаар Номхон далайн бүс нутгийн орнуудтай өргөн хүрээний хэлэлцүүлэг зохион байгуулахыг уриалжээ.
Энэ тухай тус улсын Гадаад хэргийн сайд Нанаия Махута “Radio New Zealand” радиогийн эфирээр мэдэгдсэн байна.
Сайдын хэлснээр, аюулгүй байдлын шинэ гэрээ нь "бүс нутгийн хяналтад нээлттэй байх ёстой" бөгөөд ирэх зургаадугаар сард болох Номхон далайн арлуудын чуулга уулзалтын /Pacific Islands Forum, PIF/ хуралдааны үеэр хэлэлцэх асуудлуудын тоонд орох ёстой. “Бидний зорилго бол энэ асуудлыг бүс нутгийн яриа хэлэлцээнд оруулах, Хятад, Соломоны арлуудын хооронд байгуулсан гэрээний нөхцөл, болзлын талаар өргөн хэлэлцүүлэг эхлүүлэх юм. Миний мэдэж байгаагаар PIF-ийн хэд хэдэн орон үүнийг уриалж байна" гэж Махута хэлээд Хониара болон Бээжингийн хооронд байгуулсан гэрээ нь "бүс нутгийн аюулгүй байдлын асуудалд хамаатай тул үүнийг бүх тал хэлэлцэх шаардлагатай" гэдгийг цохон тэмдэглэжээ.
Хятад, Соломоны арлууд аюулгүй байдлын хамтын ажиллагааны суурь гэрээнд гарын үсэг зурсан талаар БНХАУ-ын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Ван Вэньбинь энэ сарын 19-нд мэдээлсэн байна.
Соломоны арлууд нь 700 000 хүрэхгүй хүн амтай Номхон далайн арлын улс юм. Австралиас зүүн хойд зүгт 2000 км, Шинэ Зеландаас хойд зүгт 3400 км зайд оршдог тус улс 2019 онд Тайваньтай дипломат харилцаагаа тасалж, Хятадтай ойртох бодлогыг тууштай баримталж эхэлжээ.