Монгол, БНХАУ-ын зарим боомтын ачаа тээврийн хөдөлгөөнийг үе шаттай нээх талаар санал солилцов
МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Бадрал БНХАУ-ын Гадаад хэргийн яамны Хил, далайн хэргийн газрын захирал Хун Лянтай энэ сарын 19-нд уулзав.
Энэ үеэр хоёр орны хилийн боомтуудын хэвийн ажиллагааг хангах, хаалттай байгаа зарим боомтын ачаа тээврийн хөдөлгөөнийг ойрын хугацаанд үе шаттай нээх, мөн Гашуунсухайт-Ганцмод, Ханги-Мандал боомтоор нэвтрэх ачаа тээврийн хэмжээг нэмэх, ажиллах цагийг сунгах талаар санал солилцов.
Хятадын тал хилийн асуудлаар байгуулсан хоёр улсын Засгийн газрын механизмын хамтын ажиллагааны хүрээнд боомтын бүтээн байгуулалтыг уялдуулах асуудлыг хэлэлцэж байх саналыг дэвшүүлж, хилийн боомт болон хил орчмын нутаг дэвсгэрт халдвар хамгааллын дэглэмийг хатуу сахиулах нь улс хоорондын тээврийн эргэлт, нүүрс зэрэг манай улсын голлох бүтээгдэхүүний экспортын урсгалыг нэмэхэд чухал ач холбогдолтойг онцлов.
Түүнчлэн Шивээхүрэн-Сэхээ, Бичигт-Зүүнхатавч, Бургастай-Лаоемяо зэрэг боомтын хятадын талд хийж буй халдвар хамгааллын байгууламжийн ажлууд дуусах шатандаа явж байгаа тул ойрын хугацаанд нээхээр төлөвлөж байгааг мэдэгдэв.
Уулзалтын үеэр талууд Гашуунсухайт-Ганцмод, Бичигт-Зүүнхатавч, Шивээхүрэн-Сэхээ боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг түргэтгэх, “Замын-Үүд-Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах тухай хоёр улсын Засгийн газрын хэлэлцээр”-ийн хүрээнд хамтарсан ажлын баг байгуулж, холбогдох ажлыг эхлүүлэхээр санал нэгдэв.